Stories (10)
Америк дахь монгол хөлбөмбөгчдийн Уулзах газар - Сиэттл
Written by Saruul-Erdene MyagmarЯг арав хоногийн дараа. Алаг бөмбөгөнд дуртай хэн бүхэнд, Арван хоёр дахь удаагийн тэмцээндээ зориулав:
Арван хоёр жил тоглоод бид сая тогтниюу. Тэгээд алаг бөмбөгийн аргыг олж юуны магад. Тэгвэл уран гайхамшигт гоолыг хөндлөн дамжуулахуйн хүсэлт аргаар дэмнэн бүтээж, хөлбөмбөгт сургасан банг нарынхаа ачий нь магтан хариулаюу.
Цаст уулын оргилоос цагаан болоюу, толгой минь. Тэгээд мөнх билгийн налина линхуа цэцэг сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж юуны магад. Тэгвэл амрыг харан, гэр зуураа цэнхэр дэлгэц ширтэн хэвтэх бус, ахмадынхаа боловч тэмцээндээ хүчийг үзэн, нэгэн багт үеийн үед зүтгэсэн итгэлт анд нарынхаа ачийг нь дурсан хариулаюу.
Хамгаалалт минь гүн нуураас амгалан болоюу. Тэгээд бид нэгэн баг, нэгэн зорилгоор нэгэн зүгт тэмүүлэхийн нууцыг нээж ч магад буюу. Тэгвэл сэтгэлийн чин хүсэл, нэгнээ хүндлэхүйн ухаан тэвчээрээр гайхамшигт сайхан багийг бүтээн, шивээлсэн жад мэт шигүү хамгаалалтаар нь их спорт, элэг нэгт ардынхаа ачий нь бахдан хариулаюу.
Бэлтгэл минь одооныхоос сайн болоюу. Тэгээд гоолын уран дархан болж юуны магад. Тэгвэл гялалзсан довтолгооны айзам хэмнэлээр хүсэн сэтгэхүйн гайхамшиг гоол бүтээж, дур булаам арвисын үзэсгэлэнгээр нь алс холын тэмцээнд биднийг үдээд дээлийн минь захыг мушгин суугч ар гэрийнхнийхээ ачий нь магтан хариулаюу.
Хөлбөмбөг хэзээ ч үүссэн юм бэ дээ? Насаараа ер нь бидний амьдран байгаа ертөнцтэй хэн нь ахмад вэ гэх дээрээ хүрэх байх шүү, нээрээ. Физикчдийн ярьснаар хамаг зүйл “хаос”-аас эхэлсэн гэх. Тэр үед хөлбөмбөг лавтай байсан шиг билээ, яахав хэлбэр дүрсээ олоогүй байсан үе нь юм уу даа. Тэгвэл Викторинчууд ирж жинхэнэ тоглоом болгож хэлбэржүүлээд араас нь онолчид элдэв дүгнэлт анализ хийсээр 1920-иод онд орчин үеийн хөлбөмбөг бий болсон гэнэ.
Хэдий ингэж Британи хөлбөмбөгийн эх орноор дуудагдах боловч бүр эрт Ром, Грек, Египет, Хятад, Япон тэр ч бүү хэл Карибийнхан, Мексикүүд ч өнөө цагийн их спортын эх эцэг, эмэг өвөг гэж болмоор бөмбөг өшиглөн “занималдаж” байсан аж. Хубилай хааны үеийн зураг хөрөг мөн байдаг гэхээр монголчууд бид эртнээс хөлбөмбөгдсөн юм шиг ээ.
Өнгөрсөн жил анх удаагаа зохиогдсон мини-хөлбөмбөгийн АШТ тэмцээн энэ жил мөн Миссури мужийн Сэнт-Луис хотноо 10 сарын 27-ны өдөр болох гэж байна. АНУ дахь монголчуудыг муж хотоороо болон албан байгууллагаараа, найз нөхдөөрөө баг болон оролцохыг урьж байна.
Тэмцээний дүрмээс:
Талбайд хаалгач болон 5 тоглогч, нийт 6 тамирчин гарна. Сэлгээний тоглогчийн тоог хязгаарлахгүй, гэвч байр эзэлсэн багт 10 медаль оногдоно. Талбай хиймэл зүлэгтэй, дотор тоглох зориулалтын хадаас бүхий пүүз өмссөн байна. Отон тоглолт байхгүй, арагш, хажуу тийш гарах дүрэмгүй. Ханатайгаа тоглоно. Хөлд суухгүй. Баг бүр 200 долларын хураамж төлнө.
Тэмцээний хөтөлбөрөөс:
Тэмцээний дараа зохион байгуулагчид урлаг соёлын арга хэмжээ зохиохоор төлөвлөж буй. 1911 оны хувьсгалыг үндэслэгчдийн нэн ховор гэрэл зургийн тайлартай үзэсгэлэн гаргана. Ням гаригт хотоор зугаалж, Сэнт Луисын алдарт нумыг үзүүлнэ.
Тэмцээн болох талбайн хаяг
7210 Olive Boulevard, University City, MO 63130
Холбогдох утас, хаяг
314-737-3827
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Ди Си орчмын Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс хийсэн сурвалжлага
- М.Саруул-Эрдэнэ -
“Олны хөлд нарийн тоос дэгдэж, үзэгдэх орчин бүрэлзэхүй, тоосон дундаас гэнэт нэгэн хүдэр чийрэг, нуруулаг бор залуу тэмүүлэн гарч ирэв. Хүзүүнийх нь судас гүрэлзэн хөдлөх нь хир хол гүйснийг нь харуулах агаад шанаагий нь даган урссан хөлс энэ өдрийн халууны гэрч болой. Энэ хүнийг Амараа гэдэг. Америкт ирсээр дөрөв дэх хавраа үдэж, дөрөв дэх зунтайгаа золгож буй Монгол залуу. Өгүүлж буй энэ агшин бол Амараа Вашингтон хотын хөлбөмбөгийн тэмцээнд эсрэг багийнхаа хаалга руу довтолж байгаа дүр зураг. Уг нь тэрбээр хамгаалагч боловч тоглолт дуусах дөхөөд хараахан гоол ороогүй байсан тул эрсдэл гарган урагшилж яваа нь энэ. Центр хэмээх төв шугамыг өнгөрч явахдаа Амраа гэнэт бага насаа санажээ.
Америк дахь Монголчуудын амьдрал, Монгол коммунитийн хөгжлийн багаахан хэсгээс өгүүлэхүй
Америкийн Монголчууд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохиосоор, Вашингтон Ди Си, Дэнвэр, Чикаго, Сан Франциско хотуудад ээлж дараалан, заримд нь бүр давтан болсоор, энэ жил алдарт Лас Вегас хотноо буухиалах гэж байна. Америкийн булан бүрээс тэр байтугай бүр элгэн нутаг Монголоос, будант Альбионоос, алдарт Бонноос ирж цуглах энэ тэмцээнд нутаг нэгтнүүд маань тасралтгүй тэгээд долоон удаа тэмцэлдсэн гэхээр тамирчин, баг, хөлбөмбөгийнхний гэр бүлийнхэн, үзэгч хөгжөөн дэмжигч, санхүүгийн болон үйл ажиллагаагаар ивээн тэтгэгч гээд маш олон хүний хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн үйл ажиллагаа болох нь мэдрэгдэнэ.
Америкийн хөлбөмбөгчид гэхээр ер нь жилдээ нэг удаа болдог тэмцээнээр зогсохгүй нутаг нэгтнүүд олноор суурьшдаг хот муж тус бүрээр байнгын үйл ажиллагаатай лиг маягийн зохион байгуулалтад орж ширэн бөмбөгөө тогтмол элдэж байдаг юм. Тэд хэдийнээс хэрхэн хөлбөмбөгтэй нөхөрлөсөн, хэрхэн нийлж нэгдэж ямар тэмцээн уралдаан болсон талаар Америкийн Монголчууд сонин, Даяар Монгол, Замдаан, Мэдээлэл, Орлоо гэх мэт Америкийн монголчуудын мэдээллийн хэрэгслүүдээр түүх болон бичигдэж үлдсэн байдаг бөлгөө.
Цаг хугацаа, он жил гялалзан одох цагийн эргэлтэд бөмбөгөө ч хөөж, ажил амьдралаа ч амжуулах зуураа үзэг барьж үг холбон, өндийн дээшилж, боловсрон хөгжиж явдаг, өмнө дурдсан сайтууд дахь нийтлэл, бичлэгийн эздийн хамтаар хуучран шарлаж амжаагүй байгаа шинэхэн түүхийг нэгтгэн нэгэн ном болгохоор зорив.
Нью Йоркийн Бэст Бай дэлгүүрийн алдарт цогцолбор болон мөн хотод сүндэрлэн асан Дэлхийн худалдааны төвийн дизайныг зохиосон, миний унших дуртай авторуудын нэг Эдвин Шлосбэрг нэгэнтээ “Бичлэгийн чадвар гэдэг нь бусад хүмүүс үргэлжлүүлэн бодох агуулга бий болгоход чиглэдэг” хэмээн хэлсэн байдаг. Ийм чадвар, боломж бидэнд яг одоо, өнөөдөр хэчнээн их хэрэгтэй байгаа билээ. Ялангуяа түр, бүр, учраа хараахан олоогүй янз бүрийн байдлаар эх орноосоо алс хол “ширэн бөмбөг” хөөж буй бидний монголчуудад ихэд чухал юм. Зөвхөн хөлбөмбөг гэлтгүй Монголын олон хүмүүний амьдрал, Америкийн Монголчуудын үүх түүх, дурсгал дурсамжийн чухал хэсэг үргэлжилсээр түүний өчүүхэн хэсгийг бид энд тэмдэглэн үлдээхийг зорилоо.
Хаа очиж санаснаа амжуулахад хачин их аз таарч спортын амьдрал болон уран бүтээлийн туршлагатай хоёр анд таарлаа. Хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин, хар нялхаасаа ширэн бөмбөгийн хойноос гүйж өссөн М.Саруул-Эрдэнэ гэхээр үнэндээ намайгаа дагуулахгүй спортын хүмүүс. Дээр нь тэд маань намайг хэд нугалсан бичгийн улс. Сэтгүүл зүйн салбарт Монголдоо урдаа барьдаг МУИС-г сэтгүүлч мэргэжлээр төгсөж, спортын Таван Цагариг сонинд сурвалжлагч, эрхлэгчээр ажилласан, УБИС-г хэл шинжлэлээр төгсөж, эрдэмтэн доктор цолыг нь омог бардам өвөртөлж оломгүй эрдмийн далайд багш хэмээн алдаршсан улсын тухай өгүүлж буйг ойлгож буй биз ээ. Мөн манай хоёр хоёул Ган үзэгтэн шагналтай, хэд хэдэн номын зохиогч хүмүүс бөлгөө.
Би бээр бичгийн хүн бус, дээр нь спортын ялангуяа хөлбөмбөгийн талаар чадвар маруухан энгийн нэгэн дэмжигч, алаг бөмбөг хөөсөн ч өшиглөөд араас нь гүйдэггүй эгэл жирийн залхуу хүн. Мэдээ орох үеэс ном, дэвтэр, үзэгнээс салалгүй өссөн ч өгүүлбэр холбох ид шидээс хол явжээ. Гэхдээ Монголын үндэсний сонин Ардын Эрх (тухайн үеийн ойлголт тодорхойлолтоор бол төрийн төв хэвлэл), Өнөөдөр (Монголын хамгийн анхны чөлөөт өдөр тутсын сонин) болон дагалдах сонин сэтгүүлүүдийн тогоонд нэрт сэтгүүлчид, зохиолчид, яруу найрагчидтай ажиллах хувь тохиож, алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр уран үгийн эрдэмийг бишрэх, оролдох хүсэлтэй болж бөөрнөөсөө ягаарчээ. Хар багаасаа тооны хичээлдээ шамдаж улмаар дурлан сонирхож эзэмшсэн, хоолоо олж иддэг мэргэжил минь мэдээллийн технологи. Оюутан байх үеийн мөрөөдөл болсон мэргэжлийнхээ хамгийн өндөр зах зээлд хүрэхдээ багагүй мэдлэг туршлага хуримтлуулж, чамгүй ажил амжуулж гэх мэтээр мэргэжлээрээ багагүй бардам нэгэн. Үүндээ дулдуйдаад үзсэн харсан, сурсанаараа ном бүтээх мөрөөдөлд автаад буй хүн. Оросууд “Юугаараа баян түүгээрээ дайлна” гэдэг дээ, яг түүн шиг би бээр мэдээллийн технологиор ганц хоёр өгүүлбэр холбохыг хичээдэг, блог бичдэг болжээ. Бас бизнесийн чиглэлээр эрдэм ном жаал хөөснийх энтэрпрэнуршип сэтгэлгээг дэмжиж хөгжүүлнэ гээд буйнх энэ талаараа бас ялимгүй блогдоно. Гэтэл анхны ном, анхны бүтээл минь анд нөхдийнхөө хамтаар Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн тухай бичсэн болчихлоо. Юун мэдээллийн технологи, юун програмчлал, юун бизнес, юун вэнчур … “хөлбөмбөг” үнэхээр хүчтэй юм аа.
“Алтан Олимпийн мөнгөн дурсамж буюу Америкт тэрлэсэн мөрүүд” номдоо Түвшээ маань мутраа хайрлаад маньд дурсгах 2008 онд анх удаа Америкийн Монголчуудын амьдралын түүхээс ном болж хойч үедээ хадгалагдан үлдэх хэрэгтэй, бидний түүхийн нэг хэсэг энэ номд бий юм хэмээн бодож билээ.
“Манайхан Америкт” номоо хэвлүүлэх гээд Саруул имэйл бичиж байх 2009 онд бодол мөрөөдөл минь итгэл үнэмшил болж билээ. Эдүгээ ингээд хоёр найзтайгаа хамтарч, гар нийлж ийн Америкийн Монголчуудын амьдралын хэсгээс бүр тодруулбал хөлбөмбөгийнхний сэтгэл зүтгэл, хөдөлмөр амжилтыг өгүүлэн сэтгүүлч Л.Болормаагийн өгүүлсэнчлэн “дэлхийн хэмжээнд сэтгэж, бусдын энд хүрчих бас нэгэн алхам” хийж буйг минь хүлээн авна уу?
Цаг сэтгэлээ спортдоо зориулах нь буюу Цац суваргын цом оршвой
М. Саруул-Эрдэнэ (МонЦамэ агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч)
@SaruulerdeneM
Америкийн монголчууд жил бүр хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ хийдэг. Энэ жилийнх Лас-Вегаст болсон бол ирэх жилийнхийг Вашингтон Ди Си амлаж авсан байгаа. Жил бүр Дуртгалын өдөр буюу 5 сарын сүүлчийн сайн өдрүүдээр болдог уламжлалтай тэмцээн юм. Харин зун, намартаа баруун, зүүн бүсийнхэн аваргаа шалгаруулна. Баруун бүсийн Сан-Франсиско, Лос-Анжелос, Сиэттл, Сакраменточууд, дээр нь Дэнвэрийг нэмээд “Пасифик Кап” буюу “Номхон далайн цом”-ын төлөө өрсөлддөг бол зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Пирамид Гранит санаачлан “Пирамид Кап” буюу “Цац суваргын цом” нэрийн дор зохион байгуулдаг болсон юм.
5 сард болдог тэмцээн нь бөхөөр бол Наадам, дээрх хоёр тэмцээнийг харин “Бүсийн Даншиг” гэлтэй. “Зүүн бүсийн даншиг-Цац суваргын цом”-д энэ жил зохион байгуулагч “Пирамид”, домогт “Монгол морьд” багийн суурин дээр үндэслэсэн, өнгөрсөн жилийн цомын эзэн, нийслэл хотын “Капиталз”, Америкийн монголчуудын хошой аварга Чикаго хотын “БОС”, АНУ дахь Монгол Соёлын Төвийн дэргэдэх “Мон-Юнайтед”, энэ жилийн Америкийн монголчуудын аваргын мөнгөн медальт Халимагийн “Жангар”, Нью-Жерсигийн “Жигүүр” багууд оролцлоо.
Сугалаа
6 баг 3, 3-аараа хоёр хэсэгт хуваагдаж, эхний хоёр байр нь солбиж хагас шигшээд тоглохоор болсон юм. Хоёр хэсгийг зохион байгуулагч “Пирамид”, өнгөрсөн жилийн аварга “Капиталз” багууд толгойлохоор болов. Нэг хотоос ирсэн тул “Жангар”, “Жигүүр” багууд хэлцэж, Чикаго, Монгол Соёлын Төв хоёр мөн салахаар боллоо. Хэлцэнэ гэдэг нь хоорондоо хэлэлцэж тохирно гэсэн үг биш, бидний багад нэг багт орж болохгүй, өөрөөр хэлбэл хүч авьяас ойролцоо хоёр хүүхэд хэлцээд, өөр өөр багт орохыг тэгдэг байсан юм. Нэг нь чулуу, нөгөө нь шил гэх мэтчилэн болоод гартаа атган очоод багийн ахлагчаас асууж сонгуулан салдаг байлаа гэж. Гэхдээ “мод уу, шил үү” гэж асууж байгаа хүүхэд ихэнхдээ өөрийхийгөө түрүүлж хэлчихдэг учраас сонсож байгаа багийн ахлагч жаахан сэргэлэн нөхөр бол дуртай хүнээ авчих гэм бий. Хэлцэх, зарим газар “талцах” гэдэг үгийн учир энэ, спортын нэр томьёогоор бол нэг пот-нд орохыг хэлээд байгаа хэрэг.
За юутай ч сугалснаар А хэсэгт Пирамид, Монгол Соёлын Төв, Нью-Жерси багууд, Б хэсэгт Капиталз, Халимагийн Жангар, Чикаго багууд таарлаа.
Хэсгийн тоглолтууд
А хэсэг
Монгол Соёлын Төвийн “Мон Юнайтед” – Пирамид
Тоглолтын эхний хагас ширүүн өрсөлдөөнтэй болов. Хоёр талд хэдэн хэдэн гоолын боломж гарсан юм. Гэвч боломжоо арай илүү ашигласан нь Мон Юнайтед болж, Илдийн дамжуулалтаар миний бие анхны гоолыг хийлээ. Аав хүү хоёрын дамжуулалт-гоол болсон гэсэн үг.
Хоёрдугаар хагас дөнгөж эхлээд байтал Алтайгийн дамжуулалтаар залуу тамирчин Бэбээ ганцаараа урагш гарч ирлээ. Хаалгач Түвшээ бас өөдөөс нь гүйв. Бэбээг хаалгачийн хажуугаар гарч амжтал хашир Түвшээ маань энэ удаад дүрэм зөрчин зогсоохоос аргагүй болсон юм. Энэ шийдвэр багт нь хүндээр туссан билээ. Учир нь Мексик шүүгч өршөөлгүйгээр улаан карт өгч, пенальтиг харин Цэнгэл гоол болгов. Арван хүнтэй болсон Пирамид сэхэл авч чадалгүй байсаар дахин хоёр гоол алдаж, Монгол Соёлын Төв эхний тоглолтдоо 4-0 харьцаагаар хожлоо.
Монгол Соёлын Төвийн “Мон Юнайтед” – Нью-Жерсигийн “Жигүүр”
Мон Юнайтед эхийхээ тоглолтын дараа аравхан минут амьсгаа аваад хоёр дахь учраатайгаа таарлаа. Жигүүрийн анхны тоглолт учраас харин эрч сайтай эхлэв. Гэвч Мон Юнайтед хоёр захаараа илүү хурд, хүчтэй довтолсоор энэ тоглолтыг 4-1 харьцаагаар дуусган хэсгээсээ нэгээр гарах нь тодорхой болов.
Пирамид –Жигүүр
А хэсгээс хоёроор гарахын төлөө энэ хоёр баг тэмцэлдэв. Уг нь Монгол Соёлын Төвийн багт нэг гоол хийсэн учраас Жигүүр багт ашигтайгаар тоглолт эхэлсэн юм. Учир нь тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүгээр гарчихна. Дээр нь Пирамид багийн хаалгач улаан хуудас авсан тул сэлгээний хаалгач барьж байгаа. Ингэд эхний хагас тэг тэгээр тэнцэв. Байдал хэцүү, түгшүүртэй болж ирэх үед Пирамид аргагүй талбайн эзэн багийн хийморь, зангаргыг харуулан гоол хийж, хэсгээсээ хоёроор гарах эрхээ өвөртөлсөн юм. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулаад удаагүй байгаа, хөгжмийн найруулагч “Шар” хэмээгдэгч Баясгалан хаалгаа маш найдвартай хамгаалсныг энд дурдах нь зүйтэй.
Б хэсэг.
Энэ хэсэгт ёстой нэг гал гарсан тулаанууд боллоо. Аргагүй ч юм даа, энэ жилийн нийт Америкийн монголчуудын АШТ-ий үзүүр түрүүг булаалдсан хоёр баг нэг хэсэгт таарсан гээд бод доо. Үлдсэн баг нь Пирамид Капын өнгөрсөн жилийн аварга гэж байгаа.
Ийм гурван ойролцоо баг бие биенээ тойрч хожсоноор гоол тоолж цааш нь хэн гарахыг шийдэх болов. Халимаг Чикагог 1-0 ээр, Чикаго Капиталзыг 2-1 ээр, харин Капиталз нь Халимагийг 4-2-оор тус тус буулган авсан учир, бүх баг адил гурван оноотой, гоолын зөрүүгээр Капиталз нэгээр, Чикаго хоёроор гарсан юм.
Шагнал
Хагас шигшээ тоглолт эхлэхээс өмнө тэмцээний нээлт болов. Баг тамирчид бүрэн жагсаж Монгол улсынхаа төрийн дууллыг дууллаа. Нээлтийн үеэр АНУ дахь монголчуудыг баярлуулсан сайхан мөч тохиосон юм. Монголын Үндэсний Олимпийн Хороо биеийн тамир, спорт, Олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоёр хүнд шагнал олгосныг МҮОХ-ны “Таван Цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч, хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин гардуулсан юм.
Юуны өмнө чөлөөт бөхийн Азийн аварга, Атлантагийн Олимпийн шагналт байрт, Дэлхийн өсвөрийн АШТ-ний мөнгө, Залуучуудын АШТ-ний хүрэл медальт, ОУХМ, “Пирамидийн Цом”-д бол Капиталз багийн хөлбөмбөгчин Лувсан-Ишийн Сэргэлэнбаатарыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа. Сэргэлэнбаатар бол нэгэн үе Монголын чөлөөт бөхийн 48 кг-ийг дэлхийд дуурсгаж байсан бөх билээ.
Дараа нь энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй Пирамид гранит компанийн захирал Маналжавын Дэлгэрцогтод МҮОХ-ны “Алтан медаль” гардуулав. М. Дэлгэрцогт, Өлзийхуяг нар зөвхөн энэ удаагийн тэмцээнийг санаачлан зохион байгуулаад тогтохгүй ерөөс АНУ-д болж буй спортын олон уралдаан тэмцээн, баг тамирчдыг дэмждэг, тэтгэдэг, ёстой л спортод элэгтэй улс юм. Компанийхаа залуусыг хөлбөмбөгийн баг болгон зохион байгуулаад чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлж, Вашингтоны лийгд мөн тоглуулна.
Ийнхүү манай Үндэсний Олимпийн Хороо ахмад олимпчидоо, Олимпизмд хувь нэмрээ оруулж буй иргэдээ мартаагүй, хувь нэмрийг нь үнэлсээр яваа гэдгээ ялангуяа Олимпын олон медальтай энэ баярт үед илэрхийлсэн нь үнэхээр талархууштай явдал болсон юм.
Хагас шигшээ
Хагас шигшээд Чикаго эхэлж гоол алдсан ч тоглолт дуусахаас өмнө гэнэт угсруулан гоол хийж Мон Юнайтедийг хожлоо. Нөгөө тоглолтод Вашингтоны хоёр баг таарсан, энэ хоёр баг бэлтгэлээ хамт хийдэг, нэгнийхээ тоглолтыг үнэхээр сайн мэддэг учраас хэн хэнээ гаргаахгүй байсаар үндсэн цагт тэнцэв.
Торгуулийн цохилт ээлж дараалан орсоор, нэг нь ч алдалгүй үргэлжилсээр... Энэ цуврал шилдэг волейболчин Чулуундаваад хүрээд зогсох учиртай юм байжээ. Ингээд зохион байгуулагч Пирамид баг шигшээ тоглолтод шалгарч үлдлээ.
Шигшээ тоглолт
Ийнхүү “Цац Суваргын цом”-ыг булаалдахаар Чикаго хотын БОС баг, нутгийн эзэн “Пирамид” багууд гарч ирлээ. Чикаго баг эхлээд хаалгачийн алдааг ашиглан нэг гоол хийсэн ч Пирамидын залуус сэтгэлээр уналгүй довтолсоор тоог тэнцүүлж дөнгөв. Бас нэгэн торгуулийн цохилт. Чикаго хотын БОС баг Лас-Вегас хотноо аварга болохдоо шөвгийн найм, хагас шигшээ болон шигшээ тоглолтод гурав дараалан тэнцэж, гурвууланд нь пенальтигаар хожиж байсан билээ. Нөгөө баг нь болохоор Вашингтон хотын лийгийн финалд, мөн дөнгөж өмнөх тоглолтдоо пенальтигаар хожсон баг гэж байгаа. Пенальтигийн аварга баг гэдгээ Чикаго баталж энэ удаад нэг ч цохилт алдалгүйгээр түрүүллээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолт
“Цац Суваргын Цом”-ын хүрэл медалийн төлөө тоглохоор Монгол Соёлын Төвийн Мон Юнайтед, Вашингтон хотын Капиталз багууд гарч ирлээ. Нэг өдөр дөрөв тоглоно гэдэг үнэхээр хүнд, аль аль баг нэлээд сульдсан харагдаж байв. Капиталз эхлээд тоглолтын санаачилгыг авсан юм. Довтлогч Сүхээнээ хоёр ч удаа хаалгачийн эсрэг ганцаараа дайрснаа юм болгож чадсангүй. Энэ хоёрын ядаж нэг нь гоол орчихсон бол байдал хаашаа ч эргэж мэдэхээр байлаа. Гэвч Мон Юнайтед удалгүй сэхээ авч, ялангуяа залуус нь хүч авьяасаа зөв ашигласнаар гоолын бороо оруулж эхлэв.
Бэбээ, Цэнгэл, Батболд ээлж дараалан хийсэр 6-1 харьцаагаар Монгол Соёлын Төвийн баг ийнхүү хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн жилийн аварга медальгүй хоцорсон, Америкийн монголчуудын АШТ-ний мөнгөн медальт баг бүр хэсгээсээ ч шалгарч чадаагүй гээд бодохоор ямар чанартай, өрсөлдөөнтэй тэмцээн болсон нь илэрхий.
Цом – MVP
Тэмцээнд түрүүлсэн Чикаго БОС баг Пирамид компанийн нүсэр том шилжин явах цомыг гардан авлаа. Үүнээс өөр олон байрлал дээр шилдэг гэж шалгаруулалгүй, ерөөс шилдгийн шилдэг буюу MVP гэсэн ганцхан чанартай шагнал олгохоор тэмцээнийг зохион байгуулагчид шийдвэрлэжээ. Шагнал нь гэж ёстой л Пирамид Гранит компаниас өөр хэн хийж чадах вэ гэмээр, чулууны үйлдвэр чулуугаар юу хийдгээ үзүүлж байна уу гэмээр мундаг хүнд, ур сайтай чулуун цом байлаа. Энэхүү шагналын эзнээр тус тэмцээнд 7 гоол оруулсан, Мон Юнайтедийн Цэнгэл тодорлоо. Аварга болсон Чикаго баг нийт дөрөв тоглохдоо 5 гоол хийсэн байхад Цэнгэл ганцаараа 7 гоол оруулсан гэдэг нэг юм хэлээд байна аа л гэсэн үг.
Монгол Соёлын Төв – Мон Юнайтед багийн талаар
Энэ тэмцээнд хамгийн үзүүштэй тоглож, хамгийн олон гол хийж, үзэгчдийг гайхашруулсан баг бол яах аргагүй Монгол Соёлын Төв-Мон Юнайтед баг байлаа. Америкийн Монголчуудын АШТ-д муж, улс бүрээс нийлэн баг болж ордог Эв нэгдлийн бэлгэдэл болсон Мон Юнайтед баг энэ жилээс эхлэн Вашингтон хотын лийгд тоглодог Монгол Соёлын Төв багтай албан ёсоор нэгдэж байгаа юм. Ингээд Америкийн АШТ-дээ Мон Юнайтед нэрээрээ, зүүн бүсийн болон Вашингтон хотын лийгдээ Монгол Соёлын Төв нэрээрээ тоглож байхаар болжээ.
Ёстой л эв нэгдлийн баг гэдгээ харуулж маш чанартай, сонирхолтой баг бүрдүүлж чадсанаар тэд дөрөв тоглохдоо 15 гоол хийж, олныг баясгав. Бусад таван баг тавуул нийлээд 14 гоол хийсэн билээ.
Хамгийн холоос буюу Сан-Франсиско хотоос спортын мастер Ц.Энхтүвшин, Өлзий-Орших нар иржээ. Хамгаалалтад хамт тоглож сурсан хоёр учраас дээгүүр ирсэн бөмбөгийг Энхтүвшин хажуу тийшээгээ мөргөөд л хаяхад Өлзий-Орших тосгуулж аваад л, үнэхээр найдвартай байлаа.
Дэнвэрээс Батболд ирсэн, хурдтай, техниктэй довтлогч зарим үед өөрөө урагшаа явж, зарим үед арагш татан, найруулахад оролцож, “эх орныхоо аль хэрэгцээтэй өнцөг булан бүрт” гэдэг шиг юм болов.
Миззури мужаас Цэнгэл ирсэн, хэдэн гол хийгээд ямар шагнал авсныг нь та бүхэн мэдэж байгаа.
Иллиной мужаас Монголын идэрчүүдийн шигшээд тоглож байсан Алтай ирж, АНУ дахь анхныхаа тэмцээнд оров. Алтай төвд тоглож, бүх довтолгоо, дамжуулалтын гол цөм болон, багаа зохион байгуулж байлаа.
Индиана мужаас спортын мастер Рэнцэнсамбуу ирсэн, гурван номероо хийдгээрээ хийж, “цагаан хэрэм” болдгоороо болов.
Хоёр жигүүрээр Монгол Соёлын Төвийн залуу тамирчид болох Билгийн-Илд, Очирням нар тоглолоо. Жил ирэх тутам сайжирсаар буй энэ хоёр хүү, Лас-Вегас явж дайны утаа үнэрлээд, одоо бас энэ том тэмцээнд шилдэг тамирчидтай эн зэрэгцэн тоглосноор туршлага хуримтлуулсан буй заа.
Энэ хоёроос дүү Бэбээ хэмээгдэгч Билэгтүвшин довтолгоонд тоглож, хэд хэдэн гоё гоол хийсэн, одоо дөнгөж 15 хүрч байгаа хүүхэд юм. Дамжуулаад сурчихвал ч их юм дуулгана даа.
Монгол Соёлын Төвийн өөр нэг тоглогч Батсүх баруун талд хамгаалсан бол Спортын гимнастикийн дэд мастер Эрдэнэбаатар хаалгач хийж, эсрэг багийн олон осолтой бөмбөгийг таслан зогсоосон юм. Ахмад тамирчин Доржсүрэн, Баттогтох нар сэлгээгээр орж ирээд бужигнуулсан, Доржсүрэн бүр гоол хийгээд авсан гэж байгаа. Ингээд бодохоор Монгол Соёлын Төвийн гоол хийсэн хамгийн залуу (Бэбээ-14), хамгийн ахмад (Доржсүрэн-50) хоёр тамирчны насны зөрөө 36 байна гэдэг сонирхолтой баримт болох юм.
Өөр нэг сонирхолтой баримт бол Монгол Соёлын төвийн багт аав-хүү хослол хоёр (Баттогтох – Бэбээ, Саруул-Илд), ах-дүү хослол нэг (Доржсүрэн-Батсүх) тоглосон байна.
Төгсгөл
Сайхан тэмцээн зохион байгуулж Олимпийн их баяр дээр баяр нэмсэн Пирамид компанийн нийт хамт олон, захирал Өлзийхуяг, Дэлгэрцогт, ерөнхий шүүгч Баасансүрэн нарт талархал илэрхийлье.
Нутгийн эзэн Вашингтоныхонд болон хаа хол Чикаго, Нью-Жерси мужаас ирсэн БОС, Жигүүр, Жангар багийнханд, холоос ирсэн бусад тамирчдад спортод сэтгэлтэй байдагт тань, сэтгэлтэй зүйлдээ хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж чаддагт тань баяр хүргэе.
Тэнгэр нь цэнхэр
Тэнд суугчид нь цэмцгэр
Тэнгэрлэг нэгэн үндэстэн байдаг
Тэр үндэстнийг Монгол гэдэг ээ.
Бөмбөг нь бөөрөнхий
Бүгдээрээ дагачихвал салахын аргагүй
Эгэл биш нэгэн спорт байдаг
Энэ спортыг хөлбөмбөг гэдэг ээ.
Захирлууд нь сэтгэлтэй
Залуус нь итгэлтэй
Олны төлөө ажилладаг компани нэг байдаг
Онцолж тэр хамт олныг Пирамид Гранит гэдэг ээ.
Тоглогчид нь гарамгай
Тоосроод нэг хөдөлчихвөл зогсоох аргагүй
Тэнхээтэй нэгэн баг байдаг
Тэр багийн нэрийг Мон Юнайтед гэдэг ээ.
Дараа жилийн “Цац суваргын цом”-оор дахин уулзталаа баяртай, залуус аа.
Америкийн монголчууд спортын олон төрлөөр аваргаа шалгаруулдаг уламжлалтай болжээ. Америк даяар оршин суугч Монголчуудын хүрээнд энэ удаад мини-хөлбөмбөгийн тэмцээн шинээр бүл нэмжээ.
2011 оны арваннэгдүгээр сарын 26-ны өглөөний 10 цагт Миззури муж улсын Сэнт Луис хотноо орших University City Recreation Complex хэмээх зааланд “Америкийн Монголчуудын Мини-Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг албан ёсоор зохион байгуулж спортод элэгтэй, хөлбөмбөгт дуртай эрхэм бүхнийг өргөнөөр оролцохыг урисанаар Чикаго, Дэнвэр болон Миззурийн багууд цугларчээ.
Тэмцээн мини-хөлбөмбөгийн олон улсын дүрмийг мөрджээ. Үүнд, талбайд нэг хаалгач, таван тоглогч, нийт зургаан хүнтэй баг гарах бөгөөд багийн нийт тоглогчдын тоо арван хоёроос хэтрэхгүй байна. Мини-хөлбөмбөгт отон тоглолт тооцдоггүй, мөр, биеэр түлхэлцдэггүй, хөлд суудаггүй гэх мэт том талбайн хөлбөмбөгөөс ялгарах дүрмүүд бий.
Багууд 200 долларын хураамж төлж, мэдүүлгээ өгснөөр тэмцээнд оролцох эрхтэй болж, хураамжийн мөнгө тэмцээний шагнал, урамшуулалд зарцуулагдав. Түрүүлсэн баг мөнгөн шагналаас гадна мөн шилжин явах цом хүртжээ. Заал, хөгжим, шүүгчийн зардлыг Миззури мужийн бизнес эрхлэгч Монголчууд спонсорложээ.
Тэмцээн болсон заалны хаяг: "University City Recreation Complex" 7210 Missouri 340, University City, Missouri 63130
Вашингтон, Ди Си (Орлоо.ком). Америкт байгаа Монголчууд хоорондоо тэмцээн уралдаан зохиож заншсан хүмүүс. Энэ удаагийн Чикагод болсон аваргын төлөөх тэмцээнд нийт 6 баг өөр өөр мужаас ирж тоглосон бөгөөд Вашингтоны Монгол Морьд, Денверийн Алтан Бөмбөг, Чикагогийн Аргамаг болон Англо багууд, Сиаттлын Farmers, Индианнагийн буюу холимог баг болох Мон Юнайтэд гэсэн багууд оролцохоор өнгө хувцасаа жигдрүүлэн иржээ. Аргамаг, Монгол Морьд болон Farmers багууд 1 зонед, үлдсэн 3 бас нэг зоне болон тоглож Монгол Морьд 1-ээр, Аргамаг 2-оор гарч ирсэн бол нөгөө талаас Алтан бөмбөг 1-ээр, Мон Юнайтэд 2-оор гарсан байна.
Сонирхуулж хэлэхэд Индианнагийн багт Англиас ирж оролцож байгаа Монголын шигшээ багийн 1 номерын довтлогч Буман-Учрал байсан нь хөл бөмбөгийнхэний хорхойтонууд маань тоглолтуудыг үзэхэд бүр ч сонирхолтой байсан бизээ. Ингээд хүрлийн төлөө Аргамаг, Мон Юнайтэд 2 өрсөлдөн Аргамаг хожлыг авсан байна. Аваргын төлөө буюу алтан медалын төлөө Денвер, Ди Сигийн багууд эгээ л нэг нэгнийхээ мэхийг анддаггүй сайн мэддэг бөхчүүд шиг золголоо. Үндсэн цаг дуустал хэн нь ч оноо хийж чадсангүй.
Уг 2 баг сүүлийн 4 жил дараалан дандаа хайнцаж ирсэн ажээ. Ингээд цаг сунгаж тоглон сүүлийн 10 минутанд хожлын алтан бөмбөгийг Эрдэнэмөнх 10 номерын тамирчин маань толгойгоороо хийж Монгол Морьд баг маань аваргын цомоо авлаа. Мөн Монгол Морьдын Адъяа шилдэг довтлогчоор шалгаран бас нэгэн амжилт үзүүлэв.
Хамгийн их гооль оруулсан тамирчинаар Денверийн багийн Өлзий шалгарсан байна. Аваргын төлөөх тоглолт үнэхээр сэтгэл догдолуулсан мөч байсан гэж тэмцээн дээр байсан бүх хүмүүс ярилцаж байлаа. Хожлын алтан гоолийг хийх яг тэр мөчид хүмүүс маш ихээр догдлон хөөрч олон хүний нүдэнд нулимс хурсан баярт үйл явдал болжээ. Ийнхүү олон хүнийг баярлуулан сайхан тоглолт хийж алтан медаль хүртсэн Эрдэнэбат ахлагчтай Монгол Морьд багийнхан нийт 18 тамирчдад бүгдэд нь гал халуун баярыг Орлоогийнхоо бүх уншигчдын өмнөөс хүргэе.
АНУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХөЛБөМБөГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Сурвалжилсан М.Саруул-Эрдэнэ
Вашингтон, Ди Си (dayarmongol.com). Дэнвэр хотын онгоцны буудалд газардсан Вашингтон Ди Си – гийн онгоцноос адил өнгийн бэлтгэлийн хувцастай хорь гаруй хүдэр чийрэг ази залуус гарч ирэн хөшилдөхийг хавийн Америкчууд харан гайхна. өглөө нь Чикагогийн онгоцноос бас төдий тооны Монголчууд буусан тул азийнхан гэхээр тагжгар, туранхай нөхдийг төсөөлөн боддог Америкчуудад ихэд сонирхолтой байгаа бололтой. Хорь хориороо онгоцны буудлыг доргиосон эдгээр Монгол залуус АНУ дахь Монголчуудын Хөлбөмбөгийн Анхдугаар Аварга Шалгаруулах Тэмцээнд ирж байгаа нь энэ. Баг болгон дор хаяж 3 бөхтэй болохоор сүрлэг харагдах нь бас аргагүй. Тэмцээнээс хийсэн сурвалжлагаа толилуулъя.
Дэнвэрын буудал Буянт Ухааг санагдуулав
Онгоцны буудлаас тэмцээний талбай хүрэхээр хөдлөхөд яг л Буянт Ухаад буусан мэт сэтгэгдэл төрж байв. Эндхийн агаар хуурай, өвс нь шаргал, салхи нь хүртэл баруун хойноосоо, замаар давхин явахад баруунтаа яг л Богд уул дүнхийн харагдана. Хотоос уулын бараа шууд харалгүй уджээ. Яармаг шиг дэнжээр гараад Туул гол шиг голоор даваад цэнгэлдэх шиг талбай руу яваад орчихов оо.
Эхний өдрийн тоглолт
Талбайд орж ирэнгүүт л тэмцээн эхлэв. Эхний өдөр 4 тоглолт болсноос Дэнвэрийн Алтан бөмбөг баг Чикаго болон Дэнвэр-2 багаа хожсон бол Вашингтон Ди Си баг мөн Чикаго, Дэнвэр-2 багийг буулган авлаа. Үүнээс харахад маргаашийн тоглолтууд: Алтан бөмбөг, Монгол морьдтой алтын төлөө, Дэнвэр-2 Чикаготой хүрлийн төлөө тоглох нь тодорхой болов.
Нэр нь үл мэдэгдэх баатрууд буюу шилдэг хаалгачид
Хөл бөмбөгийн аливаа тэмцээнд урдуур довтолж гоол хийгсэд ихээхэн нэр хүндтэй байдаг. Гэтэл хөөрхий хамаг хүндийг үүрэгч хаалгачид чимээгүйхэн хоцрох тохиолдол олонтой. Энэ удаагийн тэмцээний хаалгачид бүгд үнэн гарамгай байсныг хэлэх хэрэгтэй. Алтан бөмбөгийн хаалгач Баярсайхан ч элдэв магтаал хэрэггүй, мэргэжлийн хүн. Дөрвөн ч удаа Монголын шилдэг хаалгач болж байсан тамирчин. Дэнвэр -2 ийн хаалгач ялангуяа Вашингтоны Монгол морьдын мөн ч олон айхтар бөмбөгийг тогтоосон доо. Тэр айхтар хаалгачийн нэр Пунцагийн Сүхбат. Тийм ээ, Монгол улсын гарьд Сүхбат хүнд жинд барилдаж байсан бөх гэхэд хоёр тохой өндөр үсрэн хатгах нь гайхалтай. Монгол морьдын Эрдэнэбаатар, Чикагогийн Аргамаг багийн Лхагвасүрэн нар ч ганцаараа довтлон ирэх олон довтлогчийн бөмбөгийг барилаа.
Ганбаагийн хууцай
Тэмцээний зохион байгуулалт үнэхээр сайн байв. Тоглолтын явцад бууз хуушуур, ус ундаа авчран тамирчдыг дайлж байсан бол эхний өдрийн тоглолтын дараа нэгэн тухтай айлд аваачив. Энэ нь Алтан бөмбөгийн тамирчин Ганбаагийн гэр байсан бөгөөд Ганбаагийн ээж бүгдэд Улаанбаатар, Баянголынхоос илүү хууцай хийн бэлджээ. Хоолны араас хоолой норгоод, “Бүгдээрээ одоо усанд орж амарцгаа. Орой үдэшлэгтэй” хэмээн сануулах нь 5 одтой буудалд ирчихсэн ч юм шиг.
Америк бааран дахь Монгол үсэргээ
Орой 9 цагаас хөл бөмбөгийн тэмцээнд зориулсан үдэшлэг болов. Ер нь хөл бөмбөгийнхөн гэхээр ихэвчлэн 30-аас дээш насныхан байх. Монгол залуус одоо сагс илүү сонирхох болжээ. Настай улс голдуу ирнэ гэдгийг DJ гярхай мэдэрч дан Смоуки, АББА, Модерн Токингийн дуу тавьж олны цөсийг хөөргөнө. Нэгэн хамтлаг амьд тоглов. Гэнэн цайлган цэвэр ариун хайраа би… хэмээн эхлэхэд гэрэвшүү нэг нь амандаа түрж, гэгэлгэн нэг нь аль хэдийн тайзнаа үсрэн гарчээ. Дэнвэрийнхэн үнэхээр сэтгэл зүрхээ гаргаж, сайхан үйл ажиллагаа зохион байгуулжээ. Дээр нь хүнийг дайлъя гэвэл яаж дайлдгийг бас үзүүлж өглөө. Зочдын халааснаас нэг ч төгрөг гаргахгүй. Яаж дандаа хүнээр даалгахав гээд пиво авахаар түрийвчээ онгойлгож ядаж байх зуур нэг нь ирж түрийвчтэй гар дарчихаад хөдөлгөхгүй байх завсар нөгөө нь гүйж очоод питчер дүүрэн пиво авчраад ширээн дээр тавьчих юм.
Ди Си-гийн хөлбөмбөгчдийн нуугдмал авьяас
Үдэшлэгийн үеэр багууд мэндчилгээ дэвшүүлж, асуулт хариултын уралдаан боллоо. Хөлбөмбөгчид далд олон авьяастай улс аж. Чикагогийн багийн мэндчилгээгээр нэгэн залуу хүмүүсийг 10 минут орчим тасралтгүй инээлгэлээ. Монгол морьдынхон харин бараг бэсрэг тоглолт үзүүлэх шахуу юм болов. Гитарын аянд бүгд амандаа аялгуулж байх зуур
Дэнвэрийн цэнхэр тэнгэр эх нутгийг минь дуртган цэлийнэ
Дэлгэр Монголын залуус хөлбөмбөгийн талбайд тэмцэлдэнэ
Хэний хүү хэрхэн түрүүлэх нь юуны хамаа
Хэмжээлэш үгүй баяслыг авчрах хөл бөмбөг гэдэг гайхамшиг ажгуу
хэмээн уншихад бүгд үргэлжлүүлэн
Нартай борооны дусал шиг..
хэмээн түрэв. Тунсаг, Баадай нар гитартай гоцлов. Үүний дараа багийн мэнэжэр Бааска “Суусрын гүйдэлд салхи…” хэмээн эвлэгхэн дуулаад орхилоо.
Бүжгийн талбай дахь энэ хөлбөмбөгчдийн чадварыг ээ. Цагт 100 майлын хүчтэй өшиглөдөг Ааяа, өсөхөө нарын баки баки хөл хөнгөн хөгжимд уялзан гишгэх нь үнээр уран. Ер нь Монголд элдэв олон нийт их зохиогддог, нэг нэгнийхээ юу чаддагийг бүгд мэддэг билээ. Харин Америкт хажуудах нөхөр маань ч мэргэжлийн дуучин байхыг анзаарахгүй яваад байж мэдэх юм байна шүү.
Аваргын төлөөх тулаан буюу хашир туршлага - залуугийн эрч хүчний тэмцэлдээн
Ингээд хоёр дахь өдөр гол тоглолтууд боллоо. Аргамаг, Дэнвэр -2 –ыг хожсоноор хүрэл медаль хүртэв. Алтын төлөө энэ тэмцээний оргил тоглолт эхэллээ. Алтан бөмбөг спортын 4 мастертай, тэд зүгээр нэг лигад тоглож байсан улс ч биш, бүгд улсын шигшээд хүч үзэж явсан нөхөд. Монгол морьд нэг мастертай, гэвч тэр нь нэг гэлтгүй нөгөө дөрвөн мастерийнхаа ахлагч нь явсан хашир бурхи. Тоглолтын эхнээс л эдний ялгаа их сонин харагдаж байв. Алтан Илд, Энхтөр, Алтантогос нарын залуу мастерууд туйлын шаламгай хөдөлж бөмбөг бүрийн төлөө тэмцэж байгаа нь дайн тулаанаар бодвол тэргүүн эгнээний дайчид мэт байсан бол Эрдэнэбат багаа ерөнхийд нь удирдан, хүн бүрийг тоглолтод оруулах нь өндөрлөг дээрээс харж буй генералыг санагдуулна.
1974 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолтод Круйфф тэргүүтэй Холландыг дайчидтай, харин Германы Бэккэнбауэрийг генералтай зүйрлэм байсныг энд бас дурдъя. Ерөнхийдөө бөмбөг эзэмшилтийн хувиар Монгол морьд илүү байсан боловч тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй болж байлаа. Монгол морьдоос “халзан” Цогоо, Адилбиш, Рэнцэнсамбуу нар, Алтабөмбөгөөс өлзий, Батмөнх нар бөмбөгт ихэд үр дүнтэй хүрнэ. Насны хувьд тооцоход Алтан бөмбөгийнхний дундаж нас 30, харин Монгол морьдын дундаж 36 байв. өөрөөр хэлбэл хашир туршлага дийлэх үү, халуун залуу нас давамгайлах уу гэдэг сонин байлаа. Эхний бөмбөгийг Алтан бөмбөг хийв. Тэмцээний хоёр дахь үед Монгол морьд ойр ойрхон хоёр бөмбөг хийснээр тоо 2:1 боллоо. Захын шүүгч энэ үед хугацаа дууссан болохыг хэлж, харин талбайн шүүгчийн мэдлийн цаг үргэлжилж байгааг мэдэгдэв. Талбайн шүүгчийн нэмэлт цаг харин бүр 16 минут үргэлжилж, Алтан бөмбөг нэг гоол оруулж оноо тэнцэнгүүт дуусчхав. Хоёр багийн харьцаа 2:2. Оруулсан алдсан бөмбөгийн харьцааг тоолтол аль аль нь 9 бөмбөгийн илүүгээр нөгөө хоёр багаа хожсон байдаг. Зөвхөн оруулсан бөмбөгийг тоолоход Дэнвэрийн Алтанбөмбөг баг Дэнвэр - 2 багийг 7:1 –ээр хожсон тул нэг бөмбөгөөр илүү гарч энэ удаагийн аварга баг болов. Ди Си-Дэнвэр багуудын 3 дахь тоглолт энэ болсон бөгөөд гуравдахиа тэнцэж байгаа нь бас энэ. өмнө нь энэ хоёр баг Ди Си хотноо хоёр дараалан тэмцэлдэхэд адил гурав, адил хоёроор тэнцэж байсан билээ. Барселона-Реал Мадрид, эсвэл Милан-Интер шиг байнгын чанга өрсөлдөөнтэй хоёр баг АНУ-д бий боллоо доо. Дараа жил юу болохыг хүлээцгээе.
Хэвлэл мэдээллийн арми сурвалжилсан тэмцээн
Тэмцээн зохион байгуулалт сайтай болсон шигээ хэвлэл мэдээллийнхний анхаарлыг гойд татсан нь сайн болов. Баруун эргийн “Замдаан” сэтгүүлээс тэмцээнийг сурвалжлахаар эрхлэгч Цэрэндорж гуай өөрөө залран иржээ. Монгол дахь спортын монополь хэвлэл “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Энхтүвшин сурвалжлагаа ч хийгээд тоглож ч амжаад явав. Дэнвэрийн “Монгол мэдээ” сэтгүүл болон манай сониныг оролцуулбал нийт Америкийн 3, Монголын нэг сонин сурвалжилсан томоохон тэмцээн боллоо. Испани -82, Мексик-86 гэдэг шиг цааш нь Чикаго-2007, Вашингтон-2008 хэмээн үргэлжлүүлээсэй хэмээн хүсэхийн тул сурвалжлагаа ДЭНВЭР-2006 хэмээн нэрийдэв. Их үйлийг эхлүүлсэн Дэнвэрийн хөлбөмбөгчид, сайхан үйлчилсэн тэдний гэргий, ээж нарт зандан модны мөчир шиг, замбага цэцгийн дэлбээ шиг дэлгэрч явахыг ерөөе.
АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨЛБӨМБӨГИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭНЭЭС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА
Сан Франсиско, Калифорния (zamdaan). Денвер хотноо суугаа Монголчуудын “Алтанбөмбөг” клубээс санаачлан зохион байгуулсан Америк дахь Монголчуудын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээн 5 сарын 27, 28-ны өдрүүдэд Денвер хотын Village Greens Park талбайд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд Washington,DC-ийн “Монгол морьд”, Chicago-гийн “Аргамаг”, Denver-ийн “Алтанбөмбөг”, “Denver-2” багууд өрсөлдөж "Алтан бөмбөг" баг түрүүлэн аваргын цомыг хүртсэн юм.
Денвер хотын Монголчууд "Алтан бөмбөг" нэртэй хөлбөмбөгийн клуб байгуулж амралт чөлөөт цагаараа уулзалт тоглолт хийдэг болсон төдийгүй Денверийн Монголчуудынхаа дунд аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явуулжээ. Ингээд тус хотод ажиллаж амьдарч байгаа Монгол улсын xөлбөмбөгийн спортын мастер цолтой 4 залуу санаачлан Америкт суугаа нийт Монголчуудын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээн зохиохоор төлөвлөн Монголчууд төвлөрөн суугаа хотууд руу урилга илгээсэн байна. Хамгийн түрүүнд Вашингтон DC хотоос хариу иржээ. Арга ч үгүй биз. Ноднин Вашингтон хотноо болсон "Ambassador's Cup" тэмцээнд маш амжилттай тоглож 16 багаас шалгаран 2-р эзэлсэн "Монгол морьд" багийнхан Денверийн тэмцээнд түрүүлэх зорилготой ирэх нь тодорхой байлаа. Чикаго хотоос "Аргамаг" нэртэй баг оролцохоор болов. Утасны карт гаргадаг компанийн нэр авах болсон учир нь тус багийн гол тоглогчдын нэг П.Амгаабаатар "Аргамаг" компанийг үүсгэн байгуулагч тул өөрийн тоглодог багаа ивээн тэтгэж энэ тэмцээнд оролцуулахаар болсонд байв. Сан Франциско, Оакланд хотуудаас энэ удаа баг бүрэлдэн очиж чадсангүй. "Таван Цагариг" сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин сониноо төлөөлөн, энэхүү тэмдэглэлийг бичигч миний бие сэтгүүлээ төлөөлөн шилдэг тоглогчид олгох тусгай шагнал цом бэлтгэн очиж Денверийн тэмцээнийг үзэж сонирхоод ирлээ.
Тэмцээний нээлт
Нээлтийг төрийн туг далбаагаа залах ёслолоор эхлэв. Монгол улсын сүлд дууллын аянд "Алтан бөмбөг" багийн ахлагч спортын мастер Алтан Илд, "Монгол морьд" багийн ахлагч спортын мастер С.Эрдэнэбат, "Аргамаг" багийн ахлагч П.Амгаабаатар, "Денвер-2" багийн ахлагч Баяраа нар соёмбот тугаа өргөн мандуулав. Тэмцээний ерөнхий шүүгч, Колорадогийн Монголчуудын Холбооны тэргүүлэгч Төмөрөө тэмцээнийг нээж багуудын оноолтыг танилцуулсны дараа спортын гавъяат мастер, Монгол улсын гарьд П.Сүхбат, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Ц.Ганболд нар баяр хүргэн үг хэллээ. Гарьд Сүхбат өөрөө "Денвер-2" багийн хаалагчын албыг хашиж энэ тэмцээнд оролцохоор ирсэн байв. Эхний өдөр 4 баг оноолтын дагуу тойргоор тоглож "Алтан бөмбөг", "Монгол морьд" багууд учраа багуудаа хожин аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Чикаго хотын "Аргамаг" баг "Денвер-2" багууд хүрэл медалийн төлөө шийдвэрлэх тоглолт хийх нь тодорхой болов. Тоглолтыг талбайд Солонгос шүүгч, хажууд Мексик шүүгчдийн баг шүүн явуулсан бөгөөд ноцтой алдаа гаргасангүй.
Жонглёрын тэмцээн
Тэмцээний завсарлагаар тамирчдын ур чадвар шалгах жонглёрын тэмцээнийг цагтаа Монгол улсын рекордыг тогтоож явсан спортын мастер Ц.Энхтөр удирдан явуулав. 1995 онд 2 удаагийн оролдолтын нийлбэр дүнгээр 3200 удаа хийсэн түүний рекордыг давсан амжилт өнөөг хүртэл гараагүй болов уу учир нь Монголд энэ төрлийн уралдаан зохиогдохоо болиод удаж буй ажээ. Салхи ихтэй өдөр байсан тул 4 багийн тамирчид дундаас "Монгол морьд" багийн хамгаалагч Ц.Эрдэнэмөнх шалгарсан юм. Тэрээр 172 удаа авалт хийж түрүүллээ.
Багууд, тоглогчдын онцлог
"Монгол морьд" багийн бүрэлдхүүнд Монголын хөлбөмбөгийн лигийн тэмцээнд тоглож байсан хашир туршлатай тамирчин спортын мастер С.Эрдэнэбат, зэрэгтэй тамирчид Ц.Эрдэнэмөнх, Д.Өсөхбаяр, Х.Амарсанаа, Т.Ганбат нараас гадна волейболын спортын мастер Н.Чулуундаваа, чөлөөт бөхийн ОУХМ Д.Баясгалан нар байв. Мөн Индианагийн их сургуулийн аспирант багш М.Саруул Эрдэнэ энэ багт довтлогчоор тоглодог. Тэрээр дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан "Даяар Монгол" сонины тусгай дугаарыг эрхлэн гаргаж иржээ. Сонирхолтой сайхан мэдээлэл бүхий тус сониныг олж уншаарай. Чикаго хотын "Аргамаг" багийн бүрэлдхүүнд уран гоё тоглолттой өсөх ирээдүйтэй авъяаслаг залуучууд олон байсан бөгөөд тухайлбал довтлогч Д.Отгонбаатар, хагас хамгаалагч О.Жавхлан, Ж.Өлзийбаяр, Salt Lake хотын их сургуулийн хөлбөмбөгийн багаас түр хугацаагаар (зээлсэн) Д.Төгөлдөр нарыг дурдаж болно. Багын ахлагч Амгаабаатар, Л.Лхагвасүрэн нар цагтаа дүүргийн шигшээ багт алаг бөмбөг өшиглөж явсан туршлагатай тоглогчид байв. Денвер-2" багийнхан гавъяат тамирчин, улсын гарьд П.Сүхбатаар хаалгаа мануулсан нь тохиолдлынх байсангүй. Тэрээр цагтаа Налайх дүүргийн хүүхдийн багт хаалгач хийж байснаа нотлон харуулж олон ч довтолгоог тасдан зогсоож орох бөмбөгийг тогтоож байв. Мөн энэ багт тоглосон Ууганаа гэдэг залууг маш сайн тоглогч болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд бас хөлбөмбөгийн спортын мастер хамгаалагч Батааг (гаднаас залж) багтаа элсүүлэн хашир хоёр бурхиар хаалга үүдээ мануулан (дайсны) довтолгоог няцааж байлаа. Денверийн Монголчуудын шигшээ баг буюу аварга болсон "Алтан бөмбөг" баг аргагүй л нэг чансаа зааж байв. Энэ багт хөлбөмбөгийн спортын мастер Монголын үндэсний лигийн шигшээ багийн тоглоч байсан Ц.Энхтөр, Алтан Илд, Ц.Алтантогос, Б.Баярсайхан нараас гадна зэрэгтэй тамирчид С.Мягмарсүрэн, С.Өлзийбаяр, С.Солонго, жюдо бөхийн спортын мастер С.Лхагвасүрэн нар тоглосон юм. Мөн тэмцээнийг сурвалжлахаар очсон "Таван Цагариг" сонины тусгай сурвалжлагч хөлбөмбөгийн спортын дэд мастер Ц.Энхтүвшинг багтаа элсүүлэн авч хагас хамгаалалтаа бэхжүүлэхээ мартаагүй бөгөөд энэ удаагийн тэмцээнд халаа сэлгээ хийхийг оролцогч багууд харилцан зөвшөөрсөн тул хамт очсон анд маань алтан медаль зүүгээд харьсан.
Тоглолт ба шүүлт
Тоглолт болгон маш өрсөлдөөнтэй болж багууд хамаг хүч бололцоогоо дайчлан тэмцэлдэж тоглолоо. Бохир тоглолт, бэртэл гэмтэл гараагүй нь шүүлт сайн байсантай холбоотой хэдий ч дараагийн тэмцээнд шүүгч нарын анхаармаар зүйлүүд бас ажиглагдаж байв. Талбайн шүүгч хажуугийн шүүгч нарын санал зөрөлдөх тохиолдол нилээд гарсан. Отон тоглолтонд орсон үед анзаарахгүй байх, эргэлзээтэй торгуулийн цохилт хоёр ч удаа өгч байсны дээр яаралтай оновчтой сануулга өгмөөр үед анзаарахгүй байх зэрэг алдаа нилээн гарсан нь хажууд зогсоо үзэгчдэд анзаарагдаж байсан. Хүрэл медалийн төлөөх тоглолтонд "Аргамаг" баг, "Денвер-2" багийг 4:1 харьцаагаар буулган авч холоос зорин ирсэн тоглогчид ганзага хоосонгүй буцаж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Алтан медалын төлөө "Алтан бөмбөг", "Монгол морьд" багуудын тоглолт маш өрсөлдөөнтэй болж 2 баг үндсэн цагаа 2:2 харьцаагаар дуусгасан билээ. Энэ үед цаг сунган тоглууулах эсвэл хожлын гоол орох хүртэл тоглуулах эсбөгөөс торуулийн цохилт хийлгэх зэрэг хувилбаруудыг хэрэглэсэнгүй. Зочин багийн нисэх цаг тулсан тул яарахаас аргагүй болж техникийн зөвлөгөөн дээр ярилцаж тохирсон дагуу хожлын оноонты чанараар ялагчийг тодруулсан юм. Хэрэв цаг сунгасан бол бас л гоё тоглолт гарах байсан болов уу.
Шагнал гардуулав
Түрүүлсэн "Алтан бөмбөг" багт алтан медаль шилжин явах цомыг тэмцээний гол ивээн тэтгэгчдийн нэг олон улсын хэмжээний мастер Ц.Ганболд, 2-р байранд орсон "Монгол морьд" багт мөнгөн Медаль, Дипломыг гавъяат тамирчин П.Сүхбат, 3-р байранд орсон "Аргамаг" багт Хүрэл Медаль, Дипломын хамт тэмцээний ивээн тэтгэгч ""Монде " компанийн захирал Т,Түмэндэмбэрэл нар тус тус гардуулав. Шилдэг тоглогч "MVP" буюу үнэ цэнэтэй тоглогчоор "Монгол морьд" багийн ахлагч, спортын мастер С.Эрдэнэбат шалгарч Цом, Диплом, 50$, "Шилдэг мэргэн бууч"-аар "Алтан бөмбөг" багийн хамгаалагч, спортын мастер Ц.Алтантогос өрсөлдөгчийнхөө хаалганд 6 бөмбөг оруулсан амжилтаар шалгарч Цом, Диплом, 50$ -аар шагнуулсан байна.
Мөн "Таван цагариг" сонины нэрэмжит Цомыг "Дэнвэр-2" багийн Ууганбаяр, "Замдаан" сэтгүүлийн нэрэмжит Цомыг "Аргамаг" багийн Г.Төгөлдөр нар тус бүр хүртлээ. Колорадогийн Монголчуудын Холбооны тэргүүлэгч Осорбал гуай шагналын бүх диплом дээр нэрсийг бичиж бэлэн болгов. Ирэх жилийн тэмцээнийг Чикаго хотноо зохион явуулахaaр боллоо. Тэмцээнд оролцсон багуудын биеийн бэлтгэл тоглолтын техник тактик сайн байсны дээр форм хувцаслалт мэргэжилийн түвшиннд бэлтгэгдсэн байлаа. Тэмцээний эхний өдрийн орой болсон үдэшлэгт баг бүрээс урлагын тоглолт дуу хуурын мэндчилгээ дэвшүүлж газар газрын Монголчууд хоорондоо ойртон танилцах боломж гарсан билээ. Багууд спортын талбайд төдийгүй урлагын тайзнаа өрсөлдөв.
Талархал болон товч дүгнэлт
Тун удахгүй эхлэх гэж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, "Их Монгол Улс" байгуулагдсаны 800 жилийн ойн өмнө Америкт суугаа Монголчууд ийм нэгэн тэмцээн зохион байгуулж уламжлал болгон явуулахаар тогтлоо. Энэ удаагийн тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Денвер хотын хөлбөмбөгчид, "Алтан бөмбөг" клубийнхэн, тэдний гэр бүл, найз нөхөд, Колорадо мужийн Монголчуудын Холбоо, бүх ивээн тэтгэгчдэд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэн талархал дэвшүүлж байна. Ялангуяа "Алтан бөмбөг" клубийн санаа сэтгэл нийлсэн залуус хичээл зүтгэл гаргаж хүрэлцэн ирсэн зочин багуудыг угтан авч байрлуулах, хооллох ундлах, унаа тэргээрээ үйлчлэх зэрэг олон ажлыг цаг зав гарган амжуулсныг онцлон дурдмаар байна. Тоглолтын үеэр амтат хуушуур, буузаар үйлчилсэн бүх хүмүүст баярлалаа. Ирэх жилийн тэмцээнд Америкт бизнес хийж байгаа хувь хүмүүс, пүүс компани, холбоо нийгэмлэгүүдийн реклам нэрийг сурталчлах замаар энэхүү уламжлалт тэмцээнийг дэмжүүлэх талаар санаачлан нилээд зүйл хийх хэрэгтэй байна.
Д.Цэрэндорж, Денвер, Колорадо, 2006.5.26-29