Monday, 29 May 2006 16:18

Анхдугаар тэмцээн

Written by
Rate this item
(0 votes)

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨЛБӨМБӨГИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭНЭЭС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА

Сан Франсиско, Калифорния (zamdaan). Денвер хотноо суугаа Монголчуудын “Алтанбөмбөг” клубээс санаачлан зохион байгуулсан Америк дахь  Монголчуудын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээн 5 сарын 27, 28-ны өдрүүдэд Денвер хотын Village Greens Park талбайд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд Washington,DC-ийн “Монгол морьд”, Chicago-гийн “Аргамаг”, Denver-ийн “Алтанбөмбөг”, “Denver-2” багууд өрсөлдөж "Алтан бөмбөг" баг түрүүлэн аваргын цомыг хүртсэн юм.

Денвер хотын Монголчууд "Алтан бөмбөг" нэртэй хөлбөмбөгийн клуб байгуулж амралт чөлөөт цагаараа уулзалт тоглолт хийдэг болсон төдийгүй Денверийн Монголчуудынхаа дунд аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явуулжээ. Ингээд тус хотод ажиллаж амьдарч байгаа Монгол улсын xөлбөмбөгийн спортын мастер цолтой 4 залуу санаачлан Америкт суугаа нийт Монголчуудын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээн зохиохоор төлөвлөн Монголчууд төвлөрөн суугаа хотууд руу урилга илгээсэн байна. Хамгийн түрүүнд Вашингтон DC хотоос хариу иржээ. Арга ч үгүй биз. Ноднин Вашингтон хотноо болсон "Ambassador's Cup" тэмцээнд маш амжилттай тоглож 16 багаас шалгаран 2-р эзэлсэн "Монгол морьд" багийнхан Денверийн тэмцээнд түрүүлэх зорилготой ирэх нь тодорхой байлаа. Чикаго хотоос "Аргамаг" нэртэй баг оролцохоор болов. Утасны карт гаргадаг компанийн нэр авах болсон учир нь тус багийн гол тоглогчдын нэг П.Амгаабаатар "Аргамаг" компанийг үүсгэн байгуулагч тул өөрийн тоглодог багаа ивээн тэтгэж энэ тэмцээнд оролцуулахаар болсонд байв. Сан Франциско, Оакланд хотуудаас энэ удаа баг бүрэлдэн очиж чадсангүй. "Таван Цагариг" сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин сониноо төлөөлөн, энэхүү тэмдэглэлийг бичигч миний бие сэтгүүлээ төлөөлөн шилдэг тоглогчид олгох тусгай шагнал цом бэлтгэн очиж Денверийн тэмцээнийг үзэж сонирхоод ирлээ.

 

Тэмцээний нээлт

Нээлтийг төрийн туг далбаагаа залах ёслолоор эхлэв. Монгол улсын сүлд дууллын аянд "Алтан бөмбөг" багийн ахлагч спортын мастер Алтан Илд, "Монгол морьд" багийн ахлагч спортын мастер С.Эрдэнэбат, "Аргамаг" багийн ахлагч П.Амгаабаатар, "Денвер-2" багийн ахлагч Баяраа нар соёмбот тугаа өргөн мандуулав. Тэмцээний ерөнхий шүүгч, Колорадогийн Монголчуудын Холбооны тэргүүлэгч Төмөрөө тэмцээнийг нээж багуудын оноолтыг танилцуулсны дараа спортын гавъяат мастер, Монгол улсын гарьд П.Сүхбат, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Ц.Ганболд нар баяр хүргэн үг хэллээ. Гарьд Сүхбат өөрөө "Денвер-2" багийн хаалагчын албыг хашиж энэ тэмцээнд оролцохоор ирсэн байв. Эхний өдөр 4 баг оноолтын дагуу тойргоор тоглож "Алтан бөмбөг", "Монгол морьд" багууд учраа багуудаа хожин аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Чикаго хотын "Аргамаг" баг "Денвер-2" багууд хүрэл медалийн төлөө шийдвэрлэх тоглолт хийх нь тодорхой болов. Тоглолтыг талбайд  Солонгос шүүгч, хажууд Мексик шүүгчдийн баг шүүн явуулсан бөгөөд ноцтой алдаа гаргасангүй.

 

Жонглёрын тэмцээн

Тэмцээний завсарлагаар тамирчдын ур чадвар шалгах жонглёрын тэмцээнийг цагтаа Монгол улсын рекордыг тогтоож явсан спортын мастер Ц.Энхтөр удирдан явуулав. 1995 онд 2 удаагийн  оролдолтын нийлбэр дүнгээр 3200 удаа хийсэн түүний рекордыг давсан амжилт  өнөөг хүртэл гараагүй болов уу учир нь Монголд энэ төрлийн уралдаан зохиогдохоо болиод удаж буй ажээ. Салхи ихтэй өдөр байсан тул 4 багийн тамирчид дундаас  "Монгол морьд" багийн хамгаалагч Ц.Эрдэнэмөнх шалгарсан юм. Тэрээр 172 удаа авалт хийж түрүүллээ.

 

Багууд, тоглогчдын онцлог

"Монгол морьд" багийн бүрэлдхүүнд Монголын хөлбөмбөгийн лигийн тэмцээнд тоглож байсан хашир туршлатай тамирчин спортын мастер С.Эрдэнэбат, зэрэгтэй тамирчид Ц.Эрдэнэмөнх, Д.Өсөхбаяр, Х.Амарсанаа, Т.Ганбат нараас гадна волейболын спортын мастер Н.Чулуундаваа, чөлөөт бөхийн ОУХМ Д.Баясгалан нар байв. Мөн Индианагийн их сургуулийн аспирант багш М.Саруул Эрдэнэ энэ багт довтлогчоор тоглодог. Тэрээр дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан "Даяар Монгол" сонины тусгай дугаарыг эрхлэн гаргаж иржээ. Сонирхолтой сайхан мэдээлэл бүхий тус сониныг олж уншаарай. Чикаго хотын "Аргамаг" багийн бүрэлдхүүнд уран гоё тоглолттой өсөх ирээдүйтэй авъяаслаг залуучууд олон байсан бөгөөд тухайлбал довтлогч Д.Отгонбаатар, хагас хамгаалагч О.Жавхлан, Ж.Өлзийбаяр, Salt Lake хотын их сургуулийн хөлбөмбөгийн багаас түр хугацаагаар (зээлсэн) Д.Төгөлдөр нарыг дурдаж болно. Багын ахлагч Амгаабаатар, Л.Лхагвасүрэн нар цагтаа дүүргийн шигшээ багт алаг бөмбөг өшиглөж явсан туршлагатай тоглогчид байв. Денвер-2" багийнхан гавъяат тамирчин, улсын гарьд П.Сүхбатаар хаалгаа мануулсан нь тохиолдлынх байсангүй. Тэрээр цагтаа Налайх дүүргийн хүүхдийн багт хаалгач хийж байснаа нотлон харуулж олон ч довтолгоог тасдан зогсоож орох бөмбөгийг тогтоож байв. Мөн энэ багт тоглосон Ууганаа гэдэг залууг маш сайн тоглогч болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд бас хөлбөмбөгийн спортын мастер хамгаалагч Батааг (гаднаас залж) багтаа элсүүлэн хашир хоёр бурхиар хаалга үүдээ мануулан (дайсны) довтолгоог няцааж байлаа. Денверийн Монголчуудын шигшээ баг буюу аварга болсон "Алтан бөмбөг" баг аргагүй л нэг чансаа зааж байв. Энэ багт хөлбөмбөгийн спортын мастер Монголын үндэсний лигийн шигшээ багийн тоглоч байсан Ц.Энхтөр, Алтан Илд, Ц.Алтантогос, Б.Баярсайхан нараас гадна зэрэгтэй тамирчид С.Мягмарсүрэн, С.Өлзийбаяр, С.Солонго, жюдо бөхийн спортын мастер С.Лхагвасүрэн нар тоглосон юм. Мөн тэмцээнийг сурвалжлахаар очсон "Таван Цагариг" сонины тусгай сурвалжлагч хөлбөмбөгийн спортын дэд мастер Ц.Энхтүвшинг багтаа элсүүлэн авч хагас хамгаалалтаа бэхжүүлэхээ мартаагүй бөгөөд энэ удаагийн тэмцээнд халаа сэлгээ хийхийг оролцогч багууд харилцан зөвшөөрсөн тул хамт очсон анд маань алтан медаль зүүгээд харьсан.

 

Тоглолт ба шүүлт

Тоглолт болгон маш өрсөлдөөнтэй болж багууд хамаг хүч бололцоогоо дайчлан тэмцэлдэж тоглолоо. Бохир тоглолт, бэртэл гэмтэл гараагүй нь шүүлт сайн байсантай холбоотой хэдий ч дараагийн тэмцээнд шүүгч нарын анхаармаар зүйлүүд бас  ажиглагдаж байв. Талбайн шүүгч хажуугийн шүүгч нарын санал зөрөлдөх тохиолдол нилээд гарсан. Отон тоглолтонд орсон үед анзаарахгүй байх, эргэлзээтэй торгуулийн цохилт хоёр ч удаа өгч байсны дээр яаралтай оновчтой сануулга өгмөөр үед анзаарахгүй байх зэрэг алдаа нилээн гарсан нь хажууд зогсоо үзэгчдэд анзаарагдаж байсан. Хүрэл медалийн төлөөх тоглолтонд "Аргамаг" баг, "Денвер-2" багийг 4:1 харьцаагаар буулган авч холоос зорин ирсэн тоглогчид ганзага хоосонгүй буцаж байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Алтан медалын төлөө "Алтан бөмбөг", "Монгол морьд" багуудын тоглолт маш өрсөлдөөнтэй болж 2 баг үндсэн цагаа 2:2 харьцаагаар дуусгасан билээ. Энэ үед цаг сунган тоглууулах эсвэл хожлын гоол орох хүртэл тоглуулах эсбөгөөс торуулийн цохилт хийлгэх зэрэг хувилбаруудыг хэрэглэсэнгүй. Зочин багийн нисэх цаг тулсан тул яарахаас аргагүй болж техникийн зөвлөгөөн дээр ярилцаж тохирсон дагуу хожлын оноонты чанараар ялагчийг тодруулсан юм. Хэрэв цаг сунгасан бол бас л гоё тоглолт гарах байсан болов уу. 

 

Шагнал гардуулав

Түрүүлсэн "Алтан бөмбөг" багт алтан медаль шилжин явах цомыг тэмцээний гол ивээн тэтгэгчдийн нэг олон улсын хэмжээний мастер Ц.Ганболд, 2-р байранд орсон "Монгол морьд" багт  мөнгөн Медаль, Дипломыг гавъяат тамирчин П.Сүхбат, 3-р байранд орсон "Аргамаг" багт Хүрэл Медаль, Дипломын хамт тэмцээний ивээн тэтгэгч ""Монде " компанийн захирал Т,Түмэндэмбэрэл нар тус тус гардуулав. Шилдэг тоглогч "MVP" буюу үнэ цэнэтэй тоглогчоор "Монгол морьд" багийн ахлагч, спортын мастер С.Эрдэнэбат шалгарч Цом, Диплом, 50$, "Шилдэг мэргэн бууч"-аар "Алтан бөмбөг" багийн хамгаалагч, спортын мастер Ц.Алтантогос өрсөлдөгчийнхөө хаалганд 6 бөмбөг оруулсан амжилтаар шалгарч Цом, Диплом, 50$ -аар шагнуулсан байна.

Мөн "Таван цагариг" сонины нэрэмжит Цомыг "Дэнвэр-2" багийн Ууганбаяр, "Замдаан" сэтгүүлийн нэрэмжит Цомыг "Аргамаг" багийн Г.Төгөлдөр нар тус бүр хүртлээ. Колорадогийн Монголчуудын Холбооны тэргүүлэгч Осорбал гуай шагналын бүх диплом дээр нэрсийг бичиж бэлэн болгов. Ирэх жилийн тэмцээнийг Чикаго хотноо зохион явуулахaaр боллоо. Тэмцээнд оролцсон багуудын биеийн бэлтгэл тоглолтын техник тактик сайн байсны дээр форм хувцаслалт мэргэжилийн түвшиннд бэлтгэгдсэн байлаа. Тэмцээний эхний өдрийн орой болсон үдэшлэгт баг бүрээс урлагын тоглолт дуу хуурын мэндчилгээ дэвшүүлж газар газрын Монголчууд хоорондоо ойртон танилцах боломж гарсан билээ. Багууд спортын талбайд төдийгүй урлагын тайзнаа өрсөлдөв.      

 

Талархал болон товч дүгнэлт

Тун удахгүй эхлэх гэж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, "Их Монгол Улс" байгуулагдсаны 800 жилийн ойн өмнө Америкт суугаа Монголчууд ийм нэгэн тэмцээн зохион байгуулж уламжлал болгон явуулахаар тогтлоо. Энэ удаагийн тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Денвер хотын хөлбөмбөгчид, "Алтан бөмбөг" клубийнхэн, тэдний гэр бүл, найз нөхөд, Колорадо мужийн Монголчуудын Холбоо, бүх ивээн тэтгэгчдэд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэн талархал дэвшүүлж байна. Ялангуяа "Алтан бөмбөг" клубийн санаа сэтгэл нийлсэн залуус хичээл зүтгэл гаргаж хүрэлцэн ирсэн зочин багуудыг угтан авч байрлуулах, хооллох ундлах, унаа тэргээрээ үйлчлэх зэрэг олон ажлыг цаг зав гарган амжуулсныг онцлон дурдмаар байна. Тоглолтын үеэр амтат хуушуур, буузаар үйлчилсэн бүх хүмүүст баярлалаа. Ирэх жилийн тэмцээнд Америкт бизнес хийж байгаа хувь хүмүүс, пүүс компани, холбоо нийгэмлэгүүдийн реклам нэрийг сурталчлах замаар энэхүү уламжлалт тэмцээнийг дэмжүүлэх талаар санаачлан нилээд зүйл хийх хэрэгтэй байна.

 

Д.Цэрэндорж, Денвер, Колорадо, 2006.5.26-29

Read 4906 times Last modified on Thursday, 27 September 2012 01:55

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.