Print this page
Monday, 29 May 2006 18:32

Дэнвэр - 2006

Written by
Rate this item
(0 votes)

АНУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХөЛБөМБөГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

Сурвалжилсан М.Саруул-Эрдэнэ

Вашингтон, Ди Си (dayarmongol.com). Дэнвэр хотын онгоцны буудалд газардсан Вашингтон Ди Си – гийн онгоцноос адил өнгийн бэлтгэлийн хувцастай хорь гаруй хүдэр чийрэг ази залуус гарч ирэн хөшилдөхийг хавийн Америкчууд харан гайхна. өглөө нь Чикагогийн онгоцноос бас төдий тооны Монголчууд буусан тул азийнхан гэхээр тагжгар, туранхай нөхдийг төсөөлөн боддог Америкчуудад ихэд сонирхолтой байгаа бололтой. Хорь хориороо онгоцны буудлыг доргиосон эдгээр Монгол залуус АНУ дахь Монголчуудын Хөлбөмбөгийн Анхдугаар Аварга Шалгаруулах Тэмцээнд ирж байгаа нь энэ. Баг болгон дор хаяж 3 бөхтэй болохоор сүрлэг харагдах нь бас аргагүй. Тэмцээнээс хийсэн сурвалжлагаа толилуулъя.

 

Дэнвэрын буудал Буянт Ухааг санагдуулав

Онгоцны буудлаас тэмцээний талбай хүрэхээр хөдлөхөд яг л Буянт Ухаад буусан мэт сэтгэгдэл төрж байв. Эндхийн агаар хуурай, өвс нь шаргал, салхи нь хүртэл баруун хойноосоо, замаар давхин явахад баруунтаа яг л Богд уул дүнхийн харагдана. Хотоос уулын бараа шууд харалгүй уджээ. Яармаг шиг дэнжээр гараад Туул гол шиг голоор даваад цэнгэлдэх шиг талбай руу яваад орчихов оо.

 

Эхний өдрийн тоглолт

Талбайд орж ирэнгүүт л тэмцээн эхлэв. Эхний өдөр 4 тоглолт болсноос Дэнвэрийн Алтан бөмбөг баг Чикаго болон Дэнвэр-2  багаа хожсон бол Вашингтон Ди Си баг мөн Чикаго, Дэнвэр-2 багийг буулган авлаа. Үүнээс харахад маргаашийн тоглолтууд: Алтан бөмбөг, Монгол морьдтой алтын төлөө, Дэнвэр-2 Чикаготой хүрлийн төлөө тоглох нь тодорхой болов.

 

Нэр нь үл мэдэгдэх баатрууд буюу шилдэг хаалгачид

Хөл бөмбөгийн аливаа тэмцээнд урдуур довтолж гоол хийгсэд ихээхэн нэр хүндтэй байдаг. Гэтэл хөөрхий хамаг хүндийг үүрэгч хаалгачид чимээгүйхэн хоцрох тохиолдол олонтой. Энэ удаагийн тэмцээний хаалгачид бүгд үнэн гарамгай байсныг хэлэх хэрэгтэй. Алтан бөмбөгийн хаалгач Баярсайхан ч элдэв магтаал хэрэггүй, мэргэжлийн хүн. Дөрвөн ч удаа Монголын шилдэг хаалгач болж байсан тамирчин. Дэнвэр -2 ийн хаалгач ялангуяа Вашингтоны Монгол морьдын мөн ч олон айхтар бөмбөгийг тогтоосон доо. Тэр айхтар хаалгачийн нэр Пунцагийн Сүхбат. Тийм ээ, Монгол улсын гарьд Сүхбат хүнд жинд барилдаж байсан бөх гэхэд хоёр тохой өндөр үсрэн хатгах нь гайхалтай. Монгол морьдын Эрдэнэбаатар, Чикагогийн Аргамаг багийн Лхагвасүрэн нар ч ганцаараа довтлон ирэх олон довтлогчийн бөмбөгийг барилаа.       

 

Ганбаагийн хууцай

Тэмцээний зохион байгуулалт үнэхээр сайн байв. Тоглолтын явцад бууз хуушуур, ус ундаа авчран тамирчдыг дайлж байсан бол эхний өдрийн тоглолтын дараа нэгэн тухтай айлд аваачив. Энэ нь Алтан бөмбөгийн тамирчин Ганбаагийн гэр байсан бөгөөд Ганбаагийн ээж бүгдэд Улаанбаатар, Баянголынхоос илүү хууцай хийн бэлджээ. Хоолны араас хоолой норгоод, “Бүгдээрээ одоо усанд орж амарцгаа. Орой үдэшлэгтэй” хэмээн сануулах нь 5 одтой буудалд ирчихсэн ч юм шиг.    

 

Америк бааран дахь Монгол үсэргээ

Орой 9 цагаас хөл бөмбөгийн тэмцээнд зориулсан үдэшлэг болов. Ер нь хөл бөмбөгийнхөн гэхээр ихэвчлэн 30-аас дээш насныхан байх. Монгол залуус одоо сагс илүү сонирхох болжээ. Настай улс голдуу ирнэ гэдгийг DJ гярхай мэдэрч дан Смоуки, АББА, Модерн Токингийн дуу тавьж олны цөсийг хөөргөнө. Нэгэн хамтлаг амьд тоглов. Гэнэн цайлган цэвэр ариун хайраа би… хэмээн эхлэхэд гэрэвшүү нэг нь амандаа түрж, гэгэлгэн нэг нь аль хэдийн тайзнаа үсрэн гарчээ. Дэнвэрийнхэн үнэхээр сэтгэл зүрхээ гаргаж, сайхан үйл ажиллагаа зохион байгуулжээ. Дээр нь хүнийг дайлъя гэвэл яаж дайлдгийг бас үзүүлж өглөө. Зочдын халааснаас нэг ч төгрөг гаргахгүй. Яаж дандаа хүнээр даалгахав гээд пиво авахаар түрийвчээ онгойлгож ядаж байх зуур нэг нь ирж түрийвчтэй гар дарчихаад хөдөлгөхгүй байх завсар нөгөө нь гүйж очоод питчер дүүрэн пиво авчраад ширээн дээр тавьчих юм.    

 

Ди Си-гийн хөлбөмбөгчдийн нуугдмал авьяас

Үдэшлэгийн үеэр багууд мэндчилгээ дэвшүүлж, асуулт хариултын уралдаан боллоо. Хөлбөмбөгчид далд олон авьяастай улс аж. Чикагогийн багийн мэндчилгээгээр нэгэн залуу хүмүүсийг 10 минут орчим тасралтгүй инээлгэлээ. Монгол морьдынхон харин бараг бэсрэг тоглолт үзүүлэх шахуу юм болов. Гитарын аянд бүгд амандаа аялгуулж байх зуур 

Дэнвэрийн цэнхэр тэнгэр эх нутгийг минь дуртган цэлийнэ
Дэлгэр Монголын залуус хөлбөмбөгийн талбайд тэмцэлдэнэ
Хэний хүү хэрхэн түрүүлэх нь юуны хамаа
Хэмжээлэш үгүй баяслыг авчрах хөл бөмбөг гэдэг гайхамшиг ажгуу

хэмээн уншихад бүгд үргэлжлүүлэн 

Нартай борооны дусал шиг.. 

хэмээн түрэв. Тунсаг, Баадай нар гитартай гоцлов. Үүний дараа багийн мэнэжэр Бааска “Суусрын гүйдэлд салхи…” хэмээн эвлэгхэн дуулаад орхилоо.

Бүжгийн талбай дахь энэ хөлбөмбөгчдийн чадварыг ээ. Цагт 100 майлын хүчтэй өшиглөдөг Ааяа, өсөхөө нарын баки баки хөл хөнгөн хөгжимд уялзан гишгэх нь үнээр уран. Ер нь Монголд элдэв олон нийт их зохиогддог, нэг нэгнийхээ юу чаддагийг бүгд мэддэг билээ. Харин Америкт хажуудах нөхөр маань ч мэргэжлийн дуучин байхыг анзаарахгүй яваад байж мэдэх юм байна шүү.    

 

Аваргын төлөөх тулаан буюу хашир туршлага - залуугийн эрч хүчний тэмцэлдээн

Ингээд хоёр дахь өдөр гол тоглолтууд боллоо. Аргамаг, Дэнвэр -2 –ыг хожсоноор хүрэл медаль хүртэв. Алтын төлөө энэ тэмцээний оргил тоглолт эхэллээ. Алтан бөмбөг спортын 4 мастертай, тэд зүгээр нэг лигад тоглож байсан улс ч биш, бүгд улсын шигшээд хүч үзэж явсан нөхөд. Монгол морьд нэг мастертай, гэвч тэр нь нэг гэлтгүй нөгөө дөрвөн мастерийнхаа ахлагч нь явсан хашир бурхи. Тоглолтын эхнээс л эдний ялгаа их сонин харагдаж байв. Алтан Илд, Энхтөр, Алтантогос нарын залуу мастерууд туйлын шаламгай хөдөлж бөмбөг бүрийн төлөө тэмцэж байгаа нь дайн тулаанаар бодвол тэргүүн эгнээний дайчид мэт байсан бол Эрдэнэбат багаа ерөнхийд нь удирдан, хүн бүрийг тоглолтод оруулах нь өндөрлөг дээрээс харж буй генералыг санагдуулна. 

1974 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолтод Круйфф тэргүүтэй Холландыг дайчидтай, харин Германы Бэккэнбауэрийг генералтай зүйрлэм байсныг энд бас дурдъя. Ерөнхийдөө бөмбөг эзэмшилтийн хувиар Монгол морьд илүү байсан боловч тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй болж байлаа. Монгол морьдоос “халзан” Цогоо, Адилбиш, Рэнцэнсамбуу нар, Алтабөмбөгөөс өлзий, Батмөнх нар бөмбөгт ихэд үр дүнтэй хүрнэ. Насны хувьд тооцоход Алтан бөмбөгийнхний дундаж нас 30, харин Монгол морьдын дундаж 36 байв. өөрөөр хэлбэл хашир туршлага дийлэх үү, халуун залуу нас давамгайлах уу гэдэг сонин байлаа. Эхний бөмбөгийг Алтан бөмбөг хийв. Тэмцээний хоёр дахь үед Монгол морьд ойр ойрхон хоёр бөмбөг хийснээр тоо 2:1 боллоо. Захын шүүгч энэ үед хугацаа дууссан болохыг хэлж, харин талбайн шүүгчийн мэдлийн цаг үргэлжилж байгааг мэдэгдэв. Талбайн шүүгчийн нэмэлт цаг харин бүр 16 минут үргэлжилж, Алтан бөмбөг нэг гоол оруулж оноо тэнцэнгүүт дуусчхав. Хоёр багийн харьцаа 2:2. Оруулсан алдсан бөмбөгийн харьцааг тоолтол аль аль нь 9 бөмбөгийн илүүгээр нөгөө хоёр багаа хожсон байдаг. Зөвхөн оруулсан бөмбөгийг тоолоход Дэнвэрийн Алтанбөмбөг баг Дэнвэр - 2 багийг 7:1 –ээр хожсон тул нэг бөмбөгөөр илүү гарч энэ удаагийн аварга баг болов. Ди Си-Дэнвэр багуудын 3 дахь тоглолт энэ болсон бөгөөд гуравдахиа тэнцэж байгаа нь бас энэ. өмнө нь энэ хоёр баг Ди Си хотноо хоёр дараалан тэмцэлдэхэд адил гурав, адил хоёроор тэнцэж байсан билээ. Барселона-Реал Мадрид, эсвэл Милан-Интер шиг байнгын чанга өрсөлдөөнтэй хоёр баг АНУ-д бий боллоо доо. Дараа жил юу болохыг хүлээцгээе.          

 

Хэвлэл мэдээллийн арми сурвалжилсан тэмцээн

Тэмцээн зохион байгуулалт сайтай болсон шигээ хэвлэл мэдээллийнхний анхаарлыг гойд татсан нь сайн болов. Баруун эргийн “Замдаан” сэтгүүлээс тэмцээнийг сурвалжлахаар эрхлэгч Цэрэндорж гуай өөрөө залран иржээ. Монгол дахь спортын монополь хэвлэл “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Энхтүвшин сурвалжлагаа ч хийгээд тоглож ч амжаад явав. Дэнвэрийн “Монгол мэдээ” сэтгүүл болон манай сониныг оролцуулбал нийт Америкийн 3, Монголын нэг сонин сурвалжилсан томоохон тэмцээн боллоо. Испани -82, Мексик-86 гэдэг шиг цааш нь Чикаго-2007, Вашингтон-2008 хэмээн үргэлжлүүлээсэй хэмээн хүсэхийн тул сурвалжлагаа ДЭНВЭР-2006 хэмээн нэрийдэв. Их үйлийг эхлүүлсэн Дэнвэрийн хөлбөмбөгчид, сайхан үйлчилсэн тэдний гэргий, ээж нарт зандан модны мөчир шиг, замбага цэцгийн дэлбээ шиг дэлгэрч явахыг ерөөе.

Read 6452 times Last modified on Thursday, 04 October 2012 22:05
Saruul-Erdene Myagmar

Latest from Saruul-Erdene Myagmar