Print this page
Thursday, 09 August 2012 14:02

Цац суваргын цом оршвой

Written by
Rate this item
(0 votes)

Цаг сэтгэлээ спортдоо зориулах нь буюу Цац суваргын цом оршвой

М. Саруул-Эрдэнэ (МонЦамэ агентлагийн Вашингтон дахь сурвалжлагч)
@SaruulerdeneM

Америкийн монголчууд жил бүр хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ хийдэг. Энэ жилийнх Лас-Вегаст болсон бол ирэх жилийнхийг Вашингтон Ди Си амлаж авсан байгаа. Жил бүр Дуртгалын өдөр буюу 5 сарын сүүлчийн сайн өдрүүдээр болдог уламжлалтай тэмцээн юм. Харин зун, намартаа баруун, зүүн бүсийнхэн аваргаа шалгаруулна. Баруун бүсийн Сан-Франсиско, Лос-Анжелос, Сиэттл, Сакраменточууд, дээр нь Дэнвэрийг нэмээд “Пасифик Кап” буюу “Номхон далайн цом”-ын төлөө өрсөлддөг бол зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Пирамид Гранит санаачлан “Пирамид Кап” буюу “Цац суваргын цом” нэрийн дор зохион байгуулдаг болсон юм.

5 сард болдог тэмцээн нь бөхөөр бол Наадам, дээрх хоёр тэмцээнийг харин “Бүсийн Даншиг” гэлтэй. “Зүүн бүсийн даншиг-Цац суваргын цом”-д энэ жил зохион байгуулагч “Пирамид”, домогт “Монгол морьд” багийн суурин дээр үндэслэсэн, өнгөрсөн жилийн цомын эзэн, нийслэл хотын “Капиталз”, Америкийн монголчуудын хошой аварга Чикаго хотын “БОС”, АНУ дахь Монгол Соёлын Төвийн дэргэдэх “Мон-Юнайтед”, энэ жилийн Америкийн монголчуудын аваргын мөнгөн медальт Халимагийн “Жангар”, Нью-Жерсигийн “Жигүүр” багууд оролцлоо.
 
Сугалаа

6 баг 3, 3-аараа хоёр хэсэгт хуваагдаж, эхний хоёр байр нь солбиж хагас шигшээд тоглохоор болсон юм. Хоёр хэсгийг зохион байгуулагч “Пирамид”, өнгөрсөн жилийн аварга “Капиталз” багууд толгойлохоор болов. Нэг хотоос ирсэн тул “Жангар”, “Жигүүр” багууд хэлцэж, Чикаго, Монгол Соёлын Төв хоёр мөн салахаар боллоо. Хэлцэнэ гэдэг нь хоорондоо хэлэлцэж тохирно гэсэн үг биш, бидний багад нэг багт орж болохгүй, өөрөөр хэлбэл хүч авьяас ойролцоо хоёр хүүхэд хэлцээд, өөр өөр багт орохыг тэгдэг байсан юм. Нэг нь чулуу, нөгөө нь шил гэх мэтчилэн болоод гартаа атган очоод багийн ахлагчаас асууж сонгуулан салдаг байлаа гэж. Гэхдээ “мод уу, шил үү” гэж асууж байгаа хүүхэд ихэнхдээ өөрийхийгөө түрүүлж хэлчихдэг учраас сонсож байгаа багийн ахлагч жаахан сэргэлэн нөхөр бол дуртай хүнээ авчих гэм бий. Хэлцэх, зарим газар “талцах” гэдэг үгийн учир энэ, спортын нэр томьёогоор бол нэг пот-нд орохыг хэлээд байгаа хэрэг.

За юутай ч сугалснаар А хэсэгт Пирамид, Монгол Соёлын Төв, Нью-Жерси багууд, Б хэсэгт Капиталз, Халимагийн Жангар, Чикаго багууд таарлаа.

Хэсгийн тоглолтууд

А хэсэг

Монгол Соёлын Төвийн “Мон Юнайтед” – Пирамид

Тоглолтын эхний хагас ширүүн өрсөлдөөнтэй болов. Хоёр талд хэдэн хэдэн гоолын боломж гарсан юм. Гэвч боломжоо арай илүү ашигласан нь Мон Юнайтед болж, Илдийн дамжуулалтаар миний бие анхны гоолыг хийлээ. Аав хүү хоёрын дамжуулалт-гоол болсон гэсэн үг.

Хоёрдугаар хагас дөнгөж эхлээд байтал Алтайгийн дамжуулалтаар залуу тамирчин Бэбээ ганцаараа урагш гарч ирлээ. Хаалгач Түвшээ бас өөдөөс нь гүйв. Бэбээг хаалгачийн хажуугаар гарч амжтал хашир Түвшээ маань энэ удаад дүрэм зөрчин зогсоохоос аргагүй болсон юм. Энэ шийдвэр багт нь хүндээр туссан билээ. Учир нь Мексик шүүгч өршөөлгүйгээр улаан карт өгч, пенальтиг харин Цэнгэл гоол болгов. Арван хүнтэй болсон Пирамид сэхэл авч чадалгүй байсаар дахин хоёр гоол алдаж, Монгол Соёлын Төв эхний тоглолтдоо 4-0 харьцаагаар хожлоо.

Монгол Соёлын Төвийн “Мон Юнайтед” – Нью-Жерсигийн “Жигүүр”

Мон Юнайтед эхийхээ тоглолтын дараа аравхан минут амьсгаа аваад хоёр дахь учраатайгаа таарлаа. Жигүүрийн анхны тоглолт учраас харин эрч сайтай эхлэв. Гэвч Мон Юнайтед хоёр захаараа илүү хурд, хүчтэй довтолсоор энэ тоглолтыг 4-1 харьцаагаар дуусган хэсгээсээ нэгээр гарах нь тодорхой болов.

Пирамид –Жигүүр

А хэсгээс хоёроор гарахын төлөө энэ хоёр баг тэмцэлдэв. Уг нь Монгол Соёлын Төвийн багт нэг гоол хийсэн учраас Жигүүр багт ашигтайгаар тоглолт эхэлсэн юм. Учир нь тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүгээр гарчихна. Дээр нь Пирамид багийн хаалгач улаан хуудас авсан тул сэлгээний хаалгач барьж байгаа. Ингэд эхний хагас тэг тэгээр тэнцэв. Байдал хэцүү, түгшүүртэй болж ирэх үед Пирамид аргагүй талбайн эзэн багийн хийморь, зангаргыг харуулан гоол хийж, хэсгээсээ хоёроор гарах эрхээ өвөртөлсөн юм. Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулаад удаагүй байгаа, хөгжмийн найруулагч “Шар” хэмээгдэгч Баясгалан хаалгаа маш найдвартай хамгаалсныг энд дурдах нь зүйтэй.

Б хэсэг.

Энэ хэсэгт ёстой нэг гал гарсан тулаанууд боллоо. Аргагүй ч юм даа, энэ жилийн нийт Америкийн монголчуудын АШТ-ий үзүүр түрүүг булаалдсан хоёр баг нэг хэсэгт таарсан гээд бод доо. Үлдсэн баг нь Пирамид Капын өнгөрсөн жилийн аварга гэж байгаа.

Ийм гурван ойролцоо баг бие биенээ тойрч хожсоноор гоол тоолж цааш нь хэн гарахыг шийдэх болов. Халимаг Чикагог 1-0 ээр, Чикаго Капиталзыг 2-1 ээр, харин Капиталз нь Халимагийг 4-2-оор тус тус буулган авсан учир, бүх баг адил гурван оноотой, гоолын зөрүүгээр Капиталз нэгээр, Чикаго хоёроор гарсан юм.

Шагнал

Хагас шигшээ тоглолт эхлэхээс өмнө тэмцээний нээлт болов. Баг тамирчид бүрэн жагсаж Монгол улсынхаа төрийн дууллыг дууллаа. Нээлтийн үеэр АНУ дахь монголчуудыг баярлуулсан сайхан мөч тохиосон юм. Монголын Үндэсний Олимпийн Хороо биеийн тамир, спорт, Олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоёр хүнд шагнал олгосныг МҮОХ-ны “Таван Цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч, хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин гардуулсан юм.

Юуны өмнө чөлөөт бөхийн Азийн аварга, Атлантагийн Олимпийн шагналт байрт, Дэлхийн өсвөрийн АШТ-ний мөнгө, Залуучуудын АШТ-ний хүрэл медальт,  ОУХМ, “Пирамидийн Цом”-д бол Капиталз багийн хөлбөмбөгчин Лувсан-Ишийн Сэргэлэнбаатарыг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагналаа. Сэргэлэнбаатар бол нэгэн үе Монголын чөлөөт бөхийн 48 кг-ийг дэлхийд дуурсгаж байсан бөх билээ.

Дараа нь энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй Пирамид гранит компанийн захирал Маналжавын Дэлгэрцогтод МҮОХ-ны “Алтан медаль” гардуулав. М. Дэлгэрцогт, Өлзийхуяг нар зөвхөн энэ удаагийн тэмцээнийг санаачлан зохион байгуулаад тогтохгүй ерөөс АНУ-д болж буй спортын олон уралдаан тэмцээн, баг тамирчдыг дэмждэг, тэтгэдэг, ёстой л спортод элэгтэй улс юм. Компанийхаа залуусыг хөлбөмбөгийн баг болгон зохион байгуулаад чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлж, Вашингтоны лийгд мөн тоглуулна.

Ийнхүү манай Үндэсний Олимпийн Хороо ахмад олимпчидоо, Олимпизмд хувь нэмрээ оруулж буй иргэдээ мартаагүй, хувь нэмрийг нь үнэлсээр яваа гэдгээ ялангуяа Олимпын олон медальтай энэ баярт үед илэрхийлсэн нь үнэхээр талархууштай явдал болсон юм.

Хагас шигшээ

Хагас шигшээд Чикаго эхэлж гоол алдсан ч тоглолт дуусахаас өмнө гэнэт угсруулан гоол хийж Мон Юнайтедийг хожлоо. Нөгөө тоглолтод Вашингтоны хоёр баг таарсан, энэ хоёр баг бэлтгэлээ хамт хийдэг, нэгнийхээ тоглолтыг үнэхээр сайн мэддэг учраас хэн хэнээ гаргаахгүй байсаар үндсэн цагт тэнцэв.

Торгуулийн цохилт ээлж дараалан орсоор, нэг нь ч алдалгүй үргэлжилсээр... Энэ цуврал шилдэг волейболчин Чулуундаваад хүрээд зогсох учиртай юм байжээ. Ингээд зохион байгуулагч Пирамид баг шигшээ тоглолтод шалгарч үлдлээ.

Шигшээ тоглолт

Ийнхүү “Цац Суваргын цом”-ыг булаалдахаар Чикаго хотын БОС баг, нутгийн эзэн “Пирамид” багууд гарч ирлээ. Чикаго баг эхлээд хаалгачийн алдааг ашиглан нэг гоол хийсэн ч Пирамидын залуус сэтгэлээр уналгүй довтолсоор тоог тэнцүүлж дөнгөв. Бас нэгэн торгуулийн цохилт. Чикаго хотын БОС баг Лас-Вегас хотноо аварга болохдоо шөвгийн найм, хагас шигшээ болон шигшээ тоглолтод гурав дараалан тэнцэж, гурвууланд нь пенальтигаар хожиж байсан билээ. Нөгөө баг нь болохоор Вашингтон хотын лийгийн финалд, мөн дөнгөж өмнөх тоглолтдоо пенальтигаар хожсон баг гэж байгаа. Пенальтигийн аварга баг гэдгээ Чикаго баталж энэ удаад нэг ч цохилт алдалгүйгээр түрүүллээ.

Хүрэл медалийн төлөөх тоглолт

“Цац Суваргын Цом”-ын хүрэл медалийн төлөө тоглохоор Монгол Соёлын Төвийн Мон Юнайтед, Вашингтон хотын Капиталз багууд гарч ирлээ. Нэг өдөр дөрөв тоглоно гэдэг үнэхээр хүнд, аль аль баг нэлээд сульдсан харагдаж байв. Капиталз эхлээд тоглолтын санаачилгыг авсан юм. Довтлогч Сүхээнээ хоёр ч удаа хаалгачийн эсрэг ганцаараа дайрснаа юм болгож чадсангүй. Энэ хоёрын ядаж нэг нь гоол орчихсон бол байдал хаашаа ч эргэж мэдэхээр байлаа. Гэвч Мон Юнайтед удалгүй сэхээ авч, ялангуяа залуус нь хүч авьяасаа зөв ашигласнаар гоолын бороо оруулж эхлэв.

Бэбээ, Цэнгэл, Батболд ээлж дараалан хийсэр 6-1 харьцаагаар Монгол Соёлын Төвийн баг ийнхүү хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн жилийн аварга медальгүй хоцорсон, Америкийн монголчуудын АШТ-ний мөнгөн медальт баг бүр хэсгээсээ ч шалгарч чадаагүй гээд бодохоор ямар чанартай, өрсөлдөөнтэй тэмцээн болсон нь илэрхий.

Цом – MVP

Тэмцээнд түрүүлсэн Чикаго БОС баг Пирамид компанийн нүсэр том шилжин явах цомыг гардан авлаа. Үүнээс өөр олон байрлал дээр шилдэг гэж шалгаруулалгүй, ерөөс шилдгийн шилдэг буюу MVP гэсэн ганцхан чанартай шагнал олгохоор тэмцээнийг зохион байгуулагчид шийдвэрлэжээ. Шагнал нь гэж ёстой л Пирамид Гранит компаниас өөр хэн хийж чадах вэ гэмээр, чулууны үйлдвэр чулуугаар юу хийдгээ үзүүлж байна уу гэмээр мундаг хүнд, ур сайтай чулуун цом байлаа. Энэхүү шагналын эзнээр тус тэмцээнд 7 гоол оруулсан, Мон Юнайтедийн Цэнгэл тодорлоо. Аварга болсон Чикаго баг нийт дөрөв тоглохдоо 5 гоол хийсэн байхад Цэнгэл ганцаараа 7 гоол оруулсан гэдэг нэг юм хэлээд байна аа л гэсэн үг.

Монгол Соёлын Төв – Мон Юнайтед багийн талаар

Энэ тэмцээнд хамгийн үзүүштэй тоглож, хамгийн олон гол хийж, үзэгчдийг гайхашруулсан баг бол яах аргагүй Монгол Соёлын Төв-Мон Юнайтед баг байлаа. Америкийн Монголчуудын АШТ-д муж, улс бүрээс нийлэн баг болж ордог Эв нэгдлийн бэлгэдэл болсон Мон Юнайтед баг энэ жилээс эхлэн Вашингтон хотын лийгд тоглодог Монгол Соёлын Төв багтай албан ёсоор нэгдэж байгаа юм. Ингээд Америкийн АШТ-дээ Мон Юнайтед нэрээрээ, зүүн бүсийн болон Вашингтон хотын лийгдээ Монгол Соёлын Төв нэрээрээ тоглож байхаар болжээ.

Ёстой л эв нэгдлийн баг гэдгээ харуулж маш чанартай, сонирхолтой баг бүрдүүлж чадсанаар тэд дөрөв тоглохдоо 15 гоол хийж, олныг баясгав. Бусад таван баг тавуул нийлээд 14 гоол хийсэн билээ.

Хамгийн холоос буюу Сан-Франсиско хотоос спортын мастер Ц.Энхтүвшин, Өлзий-Орших нар иржээ. Хамгаалалтад хамт тоглож сурсан хоёр учраас дээгүүр ирсэн бөмбөгийг Энхтүвшин хажуу тийшээгээ мөргөөд л хаяхад Өлзий-Орших тосгуулж аваад л, үнэхээр найдвартай байлаа.

Дэнвэрээс Батболд ирсэн, хурдтай, техниктэй довтлогч зарим үед өөрөө урагшаа явж, зарим үед арагш татан, найруулахад оролцож, “эх орныхоо аль хэрэгцээтэй өнцөг булан бүрт” гэдэг шиг юм болов.

Миззури мужаас Цэнгэл ирсэн, хэдэн гол хийгээд ямар шагнал авсныг нь та бүхэн мэдэж байгаа.

Иллиной мужаас Монголын идэрчүүдийн шигшээд тоглож байсан Алтай ирж, АНУ дахь анхныхаа тэмцээнд оров. Алтай төвд тоглож, бүх довтолгоо, дамжуулалтын гол цөм болон, багаа зохион байгуулж байлаа.

Индиана мужаас спортын мастер Рэнцэнсамбуу ирсэн, гурван номероо хийдгээрээ хийж, “цагаан хэрэм” болдгоороо болов.

Хоёр жигүүрээр Монгол Соёлын Төвийн залуу тамирчид болох Билгийн-Илд, Очирням нар тоглолоо. Жил ирэх тутам сайжирсаар буй энэ хоёр хүү, Лас-Вегас явж дайны утаа үнэрлээд, одоо бас энэ том тэмцээнд шилдэг тамирчидтай эн зэрэгцэн тоглосноор туршлага хуримтлуулсан буй заа.

Энэ хоёроос дүү Бэбээ хэмээгдэгч Билэгтүвшин довтолгоонд тоглож, хэд хэдэн гоё гоол хийсэн, одоо дөнгөж 15 хүрч байгаа хүүхэд юм. Дамжуулаад сурчихвал ч их юм дуулгана даа.

Монгол Соёлын Төвийн өөр нэг тоглогч Батсүх баруун талд хамгаалсан бол Спортын гимнастикийн дэд мастер Эрдэнэбаатар хаалгач хийж, эсрэг багийн олон осолтой бөмбөгийг таслан зогсоосон юм. Ахмад тамирчин Доржсүрэн, Баттогтох нар сэлгээгээр орж ирээд бужигнуулсан, Доржсүрэн бүр гоол хийгээд авсан гэж байгаа. Ингээд бодохоор Монгол Соёлын Төвийн гоол хийсэн хамгийн залуу (Бэбээ-14), хамгийн ахмад (Доржсүрэн-50)  хоёр тамирчны насны зөрөө 36 байна гэдэг сонирхолтой баримт болох юм.

Өөр нэг сонирхолтой баримт бол Монгол Соёлын төвийн багт аав-хүү хослол хоёр (Баттогтох – Бэбээ, Саруул-Илд), ах-дүү хослол нэг (Доржсүрэн-Батсүх) тоглосон байна.

Төгсгөл

Сайхан тэмцээн зохион байгуулж Олимпийн их баяр дээр баяр нэмсэн Пирамид компанийн нийт хамт олон, захирал Өлзийхуяг, Дэлгэрцогт, ерөнхий шүүгч Баасансүрэн нарт талархал илэрхийлье.

Нутгийн эзэн Вашингтоныхонд болон хаа хол Чикаго, Нью-Жерси мужаас ирсэн БОС, Жигүүр, Жангар багийнханд, холоос ирсэн бусад тамирчдад спортод сэтгэлтэй байдагт тань, сэтгэлтэй зүйлдээ хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж чаддагт тань баяр хүргэе.

Тэнгэр нь цэнхэр
Тэнд суугчид нь цэмцгэр
Тэнгэрлэг нэгэн үндэстэн байдаг
Тэр үндэстнийг Монгол гэдэг ээ.

Бөмбөг нь бөөрөнхий
Бүгдээрээ дагачихвал салахын аргагүй
Эгэл биш нэгэн спорт байдаг
Энэ спортыг хөлбөмбөг гэдэг ээ.

Захирлууд нь сэтгэлтэй
Залуус нь итгэлтэй
Олны төлөө ажилладаг компани нэг байдаг
Онцолж тэр хамт олныг Пирамид Гранит гэдэг ээ.

Тоглогчид нь гарамгай
Тоосроод нэг хөдөлчихвөл зогсоох аргагүй
Тэнхээтэй нэгэн баг байдаг
Тэр багийн нэрийг Мон Юнайтед гэдэг ээ.

Дараа жилийн “Цац суваргын цом”-оор дахин уулзталаа баяртай, залуус аа.

Read 5881 times Last modified on Thursday, 04 October 2012 22:04
Saruul-Erdene Myagmar

Latest from Saruul-Erdene Myagmar