Print this page
Wednesday, 26 September 2012 13:35

Мизурийн Монголчуудын хөлбөмбөг

Written by
Rate this item
(0 votes)
Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах Чикаго – 2007 тэмцээнд оролцсон Мизурийн Монголчуудын баг Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах Чикаго – 2007 тэмцээнд оролцсон Мизурийн Монголчуудын баг Jag

Хөлбөмбөг хэзээ ч үүссэн юм бэ дээ? Насаараа ер нь бидний амьдран байгаа ертөнцтэй хэн нь ахмад вэ гэх дээрээ хүрэх байх шүү, нээрээ. Физикчдийн ярьснаар хамаг зүйл “хаос”-аас эхэлсэн гэх. Тэр үед хөлбөмбөг лавтай байсан шиг билээ, яахав хэлбэр дүрсээ олоогүй байсан үе нь юм уу даа. Тэгвэл Викторинчууд ирж жинхэнэ тоглоом болгож хэлбэржүүлээд араас нь онолчид элдэв дүгнэлт анализ хийсээр 1920-иод онд орчин үеийн хөлбөмбөг бий болсон гэнэ.

Хэдий ингэж Британи хөлбөмбөгийн эх орноор дуудагдах боловч бүр эрт Ром, Грек, Египет, Хятад, Япон тэр ч бүү хэл Карибийнхан, Мексикүүд ч өнөө цагийн их спортын эх эцэг, эмэг өвөг гэж болмоор бөмбөг өшиглөн “занималдаж” байсан аж. Хубилай хааны үеийн зураг хөрөг мөн байдаг гэхээр монголчууд бид эртнээс хөлбөмбөгдсөн юм шиг ээ.

Харин Мизури мужийн Монголчуудын ширэн бөмбөгийн түүх гэвэл бас сонин. Юутай ч Мизурийн нутаг нэгтнүүд Америкийн баруун, зүүн эрэг, эсвэл Чикаго орчмынхон шиг олуул биш тул тэдэн шиг сүрхий олон баг, лигийн тоглолт бол мэдээж байхгүй. Гэхдээ бидэнд бас ярьж хөөрөх “бяцхан” түүх бол бий.

Хөлбөмбөгийн олон улсын анхны тэмцээний түүх 1872 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Шотланд Английн хооронд болж, тэг тэгийн харьцаатай тэнцсэнээр эхэлдэг бол Мизурийн Монголчуудын албан ёсны анхны тэмцээн “Saint Louis Friendship Cup – 2008” гэж болно. Сэнт Лоуис хотын орчмын их сургуулиуд, коллэжүүдэд сурдаг монгол залуус өөрсдийн санаачилгаар, өөрсдийн хүсэл мөрөөдлөөр, өөрсдийн сонирхлоор хөлбөмбөг тоглож тэмцээн хийсэн нь тэр.

Ер нь АНУ дэх бусад хот мужуудийн Монголчуудын дунд хөлбөмбөг тоглож эхэлсэн түүх нь санаачилга, манлайлал гаргасан хөлбөмбөгийн спортын мастер, эсвэл хэзээ нэгэн цагт аль нэг шигшээ багт тоглож явсан тамирчдаас эхэлдэг бол Мизурийнхний дунд мэргэжлийн гээд тоглоомоор ч болов нэрлэчих нэг ч тоглогч байгаагүй, зарим нь бөмбөг хөөж гүйж үзээгүй байсан ч гэхэд хилсдэхгүй, дүрмээ ч мэдэхгүй нь зөндөөн, зөвхөн сонирхогч хүүхдүүд анх цугласан билээ. Анхны тэмцээнийг сурдаг коллэжийнхээ шигшээд тоолуулах хэмжээнд өссөн, Мэсси болон Барсагийн улаан фэн Э.Цэнгэл болон бидний үеийнхэн дундаа “манай Блохин” хэмээн нэрлэгдэх Л.Мөнх-Очир нар голлон зохион байгуулж, улмаар өнөөг хүртэл жил бүр тогтмол зохион байгуулсаар ирлээ. Одоо удахгүй энэ сард “Saint Louis Friendship Cup – 2012” болно гээд facebook-ээр дүүрэн зар. Өмнөх жилүүдийн гоё гоё зургууд, бас хэд хэдэн видео харагдана.

Энэхүү Нөхөрлөл тэмцээнээс өмнө Монгол-мизурачууд анх хөлбөмбөгийн баг байгуулсан нь Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээн буюу “Чикаго – 2007” болсон жил юм. Хурдны замаар долоон цаг давхиж хүрэх Чикаго хотод тэмцээн зохион байгуулна гээд намайг гүйж явсан тэр нэгэн өдөр манай хотын Колумбиа коллежид бизнесийн мастер хамгаалаад Farmers Insurance компанид ажиллаж, даатгал-татварын чиглэлийн өөрийн бизнесийг бий болгоод зүтгэж явсан Я.Өлзийболд ороод ирдэг юм. “Өө, Жаагий ахаа, ерөөсөө би нэг баг босголоо, манай Мизурийн баг. Сэнт Лоуист хөлбөмбөгт сонирхолтой хүүхдүүд зөндөө байна. Хожих хожигдох нь гол биш, угаасаа ингэж ойрхон тэмцээн уралдаан юу болох билээ, мужаасаа нэг багтай байх гоё биз дээ. Ядахдаа гоё хот үзнэ гээд оюутнууд баяртай байна. Win-win мөн үү” гэж байна. Ингээд Сэнт Лоуисаас гурав, дөрвөн машинтай залуус баахан балиашиг оюутан дагуулаад гарсан даа. Манайхан шиг “cheerleader”-тэй ирсэн баг алга байлаа. Бүтэн баг бүрдэж чадаагүй тул мэдээж тэмцээний талбай дээрээс, газар дээр нь манай Болдоо нэмэлт “recruit” хийж байлаа.

Чикагогийн нэгдүгээр баг бол спонсороороо нэрлэгдсэн “Аргамаг” баг. Спонсор байгууллага болон багийн нэрийн тал нь минийх гээд хаа тэр холоос ирсэн би бээр Аргамагийг манай багт тооцон тэдний дунд өөрийн “зогсоолтой”. Амьдран суугаа мужаасаа бас нэг багтай, ер нь их додигор зогсоно оо, тэнд.

Аргамаг, Фармерс хоёр нэг бүсэд орлоо. “За энэ ойлгомжтой” гэх нэгэн байхад, “Челси ЦСКА хоёр хоорондоо тоглохоор Абрамович яадаг бол” гээд тоглоом хийх нэгэн бас байх. Аргамаг, Фармерс тоглолт ялимгүй тайван эхэллээ. Чикагогийнхэн жаахан сул тоглоно, Мизура нар довтолсоор эхний бөмбөг орлоо. Дэнвэрийн багт тоглож буй, Таван Цагаригийн Ц.Энхтүвшин тээр тэндээс “За баларсаан. Гоё, гоё... Ингэж байгаад ах нартаа алуулах гэж байгаа юм” гээд хашгирах...дэргэд хөмсөг зангидсан зөндөө улс “энэ одоо юу болж байна аа” гэх, бүр “чи юун бацаанууд гэнэт хаанаас ачаад ирэв ээ :-)” гэсэн хүн ч байж билээ. Хөлбөмбөг гэдэг маань зөвхөн өрсөлдөөн уралдаан, тэмцээн спорт биш хошигнол, нөхөрлөл бүхий бүхэл бүтэн “амьдрал” гэдэг нь үнэхээр мэдрэгдэнэ.

Ийнхүү Америкийн аваргын хошой хүрэл медальтнуудын хаалгыг гоолоор мялааж, “дайны утаа” анх үнэрлэсэн манай Мизурачууд дараа жилээс нь нутагтаа тэмцээн тогтмол хийснийг өмнө өгүүлсэн. Өнгөрсөн оны арван сард Мизурийн монголчуудын хөлбөмбөг улам өргөжиж “Америкийн Монголчуудын Мини- Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг” албан ёсоор нутаг дээрээ зохион байгуулж Чикаго, Дэнвэрээс багууд ирж оролцсон юм. Анхны тэмцээний багийн тоо цөөн байснаас баг бүр хоорондоо хоёр тоглохоор болов. Огт хожигдоогүй Чикагочууд аваргын цом мөнгөн шагналаар, хоёр хожилтой нутгийн “индианууд” хоёрдугаар байранд орж мөнгөн шагналаар ганзага мялаажээ. Хамгийн их дэм болж, хамгийн холоос давхиж ирсэн Колорадочууд гуравт орж “том шатсан” байна.

Уг тэмцээнийг амжилттай зохион байгуулахад алс холын зочид (талдаа 15 цаг давхиж ирсэн “КолоМон”-чуудаас эхлээд 130 майлийг хоёр цаг хагас давхиж очсон манийг оруулаад), хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчид гээд бүгдийн сэтгэл зүрх, хүч хөдөлмөр ихээхэн тус нэмэр болсон билээ. Энд нэмж нэр дурдах улсууд бол халаасаа тэмтэрч, бэлэн мөнгөөр тус дэм болсон Алтайгийнхан, мөн Батаа, Болороо, Нандиа, Өлзий, Лутаа гээд Сэйнт Лоуис орчим бизнес эрхлэгч монголчууд юм. Санхүүгийн спонсоруудын хүчээр заал, талбай, хөгжим болон шүүгч нарын асуудлыг шийджээ.

“Сэнт Лоуис Мини 2011” өндөрлөөд орой нь Алтай Барбэкю рестораны АНУ дахь салбарт хөлбөмбөгчид тэмцээнээ “Сэнт Лоуис нөхөрлөл партий” болгон хувиргав. Ная ерээд оны үеийнхний ориг, жинхэнэ, орцны, зохиомол гээд олон дуу, Жэффорсонвилл хотоос ирсэн, хөлбөмбөгийн спортын мастер Самбуугийн гитарын гоцлол, Дэнвэрээс ирсэн, хөлбөмбөгийн спортын мастер Баяраагийн баргил хоолой нутгийнхныг бүрэн уярааж, Сэнт Лоуисчууд Мини аваргыг жил бүр зохион байгуулж байхаар шийджээ. Үүнийг тэрлэгч болон түүний найз Л.Лут- Очир нарын “хоолой дэвтээх” спонсорын үйл ажиллагаа мөн нэмэр болоо биз ээ.

Юутай ч Мизурачууд дотоодын нэг, гадаадын нэг тогтмол тэмцээнтэй болоодохов. Дотоодынх нь 2008 оноос эхэлсэн жил тутмын “Saint Louis Friendship”, гадаадынх нь Америкийн Монголчуудын мини хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн бөлгөө. Үүнээс гадна мэдээж Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн бий. Америкийн аваргаар Мизурианууд Мон- Юнайтад багт тоглодог болоод цөөнгүй жил болж буй, энэ жил бид алдарт Лас Вегасийг зорино.

Мизурийн Монголчуудын хөлбөмбөгийнхөн өөрсдийн багаараа, тэмцээнээрээ бахархахаас гадна олон сайхан ирээдүйтэй залуу тамирчдаараа ихэд бахархдаг юм. Сэнт Лоуис орчмын америкуудад Тинго хэмээн алдаршаад буй Э.Цэнгэл тэндэхийн Агуйлас багт тоглодог бол Монголын үндэсний шигшээ багийн тоглогч, Америкийн Монголчуудын аварга шалгаруулах Сан Франциско – 2010 тэмцээний шилдэг тоглогч А.Мөрөн мөн Мизури мужид амьдардаг, Төв Методист Их Сургуулийн (Central Methodist University) оюутан юм. Мөрөнгийн хувьд Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр хоёр удаа Калифорнийн багт тоглосон, энэ жил Вегаст мөн тэдний багт тоглоно. Гэхдээ “Saint Louis Friendship-2012” тэмцээнд мужийнхаа монголчуудын дунд байж Мизура үүргээ биелүүлэх юм. Цаашдаа тоглолт бүрдээ Мизурийн монголчуудаа төлөөлөхийг хэн байг гэхэв. Мөн манай ирээдүйтэй хоёр залуу мужийнхаа монголчуудын, эх нутгийнхаа нэрийг гаргаад цугтаа ногоон талбайд гүйж явахыг ч харах биз ээ.

Read 7692 times Last modified on Thursday, 27 September 2012 02:58
Coordinator

Latest from Coordinator